Өнөөгийн эрх баригчдаас шаардах нь

2019 оны 01 сарын 10-ны өдөр.                                                                             Улаанбаатар хот.

Сүүлийн олон сарын турш Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдал улам дордон хүндэрч, төр засаг урьд өмнө байгаагүйгээр гүн гүнзгий хямарч, эрх баригчид хоорондоо “гэдсэндээ хөлөө жийлцэж”, ажилгүй, орлогогүй, өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрөөж байгаа ард түмний ахуй амьдралыг өөд нь татах, амгалан тайван байдлыг нь хангах үүргээ ор тас мартсан байдалтай байна. Ард түмний уур хилэн, уцаар бухимдал дээд цэгтээ тулж хэзээ хэзээгүй тэсрэхэд бэлэн болжээ.

Анх МАХН 2016 оны УИХ-ын сонгуулиар “60 тэрбумын луйвар” гэх асуудлыг олон нийтэд дэлгэн тавихад одоогийн эрх баригчид “энэ бол эвлүүлэг” хэмээн тайлбарлаж бултах гэж оролдож байсныг ард иргэд маань мартаагүй гэдэгт итгэж байна. Тэрнээс хойш цаг хугацаа өнгөрөх тусам “60 тэрбумын луйвар” гэх асуудал төр засгийн эрхийг хууль бусаар авсан гэмт хэрэг байжээ гэдэг нь улам бүр тодорхой болж байна. Үнэнд гүйцэгдсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө “60 тэрбумын асуудал үнэн шүү дээ” гэж хэлсэн, МАН-ын дотоод хяналтын төв байгууллага “60 тэрбумын луйвар” гэх асуудалд нэр холбогдсон намын гишүүддээ улс төрийн намын дээд хариуцлага буюу ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан зэрэг нь “60 тэрбумын луйвар” гэх асуудал буюу “төр засгийн эрхийг хууль бусаар авсан” гэмт хэрэг үнэн гэдгийг давхар нотолж байна.

Гэхдээ МАН-ын өнөөгийн удирдлага “60 тэрбумын луйвар” гэх асуудлыг ганцхан М.Энхболд гэдэг хүнтэй холбоотой юм шигээр ухуулан сурталчилж, энэ хүнээр “туг тахиад” харин өөрсдөө “уснаас хуурай гарч” олны хэл ам татсан энэ хэргээс “цэвэрхэн мултрах” гэж улайран зүтгэж байгаа нь МАН-ын удирдлагуудын ёс зүйгүйг илтгээд зогсохгүй намынхаа жирийн гишүүд, дэмжигчид болон олон түмнийг дахин төөрөлдүүлэх гэсэн урьд өмнө нь “энэ бол эвлүүлэг” гэж хэлж бултаж байснаас дутуугүй увайгүй үйлдэл мөн гэж дүгнэн үзэхээс өөр аргагүй.

Энэхүү хэрүүл дагуулсан тэмцэл нь МАНАН-ыг нураах биш харин МАНАН-ын толгойг солих гэсэн зөрчил битгий байгаасай гэсэн олон түмний болгоомжлолыг аливаа улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явдлын өрнөлийг ажиглаж зөв үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай МАХН хэмээх улс төрийн туршлагатай хүчин бүрнээ хуваалцаж, хуучин МАНАН шинэ МАНАН-аар солигдвол шударга ёсны төлөөх тэмцлээ урьдын адил тууштай үргэлжлүүлэх болно гэдгээ ХАРИУЦЛАГАТАЙГААР МЭДЭГДЭЖ байна.

МАХН нь “60 тэрбумын луйвар” гэх асуудлыг анх олон нийтэд дэлгэн хүргэсэн улс төрийн хүчний хувьд энэ асуудалтай холбоотой гэдгийг нь МАН-ынхан өөрсдөө нотлоод байгаа М.Энхболд албан тушаалаасаа огцроод зогсохгүй 2016 оны УИХ-ын сонгуульд МАН луйврын аргаар 65 суудал авсан сонгуулийн дүнг бүхэлд нь хүчингүй болгож,  өнөөгийн УИХ тарах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж буй ард түмнийхээ саналыг бүрэн дэмжиж байгаагаа МЭДЭГДЭЖ байна.

Анх тухайн үеийн МАН-ын удирдлагын санаачилгаар 2008-ын УИХ-ын сонгууль, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Үндсэн хуулийн үзэл санаа, тодорхой зүйл заалтыг санаатайгаар зөрчин “Стандарт бус Засгийн газар” нэртэй үнэн хэрэгтээ хариуцлагаас мултрахын тулд байгуулсан МАНАН хэмээх аймшигт бүтцийг бий болгосноос хойш гарсан шийдвэрүүд нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, монголын ард түмний эрх ашигт ноцтой хор хохирол учруулсныг МАХН дахин САНУУЛЖ байна.

Төрийн дээр гарсан МАНАН-ын дараах шийдвэрүүд буюу:

  1. 2009 оны 10 сард байгуулагдсан “Оюу толгойн ХОГ”,
  2. 2015 оны 5 сард байгуулагдсан “Дубайн гэрээ”
  3. “Таван толгойн орд”-ыг тойрсон маргаантай асуудал,
  4. Төр засгийн өндөр албан тушаалтнуудын оролцоо, дэмжлэг, хамгаалалттайгаар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалан авч завшсан, одоо Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрээр Монгол Улс төлөх ёстой болсон 100 гаруй сая ам.долларын луйврын хэрэг,
  5. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан луйвар,
  6. “60 тэрбумын луйвар” гэх асуудал,
  7. “ЖДҮ-ийг дэмжих Сан”-аас төр засгийн өндөр албан тушаалтнууд албан тушаал, эрх мэдлээ ашиглаж зээл авсан нэрээр хийсэн луйвар зэрэг нь Монголын ард түмний өнөөгийн ядуу зүдүү амьдралынх нь учир шалтгаан мөн гэж МАХН ҮЗЭЖ байна.

МАХН 2018 оны 10 сарын 31-нд буюу одоогоос бүтэн 2 сарын хагасын өмнө “60 тэрбумын луйвар” гэх асуудал, “ЖДҮ-ийг дэмжих Сан”-гаас зээл авах нэрийдлээр албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хөрөнгө мөнгө луйвардан завшсан асуудлыг шударгаар шийдвэрлэх, эс чадах аваас ээлжит бус сонгууль явуулах Шаардлага тавьсан билээ.

Аливаад хүлээцтэй ханддаг Монголын ард түмэн дээрх асуудлууд шударгаар шийдэгдэх байх хэмээн их харж хүлээсэн. МАНАН-ын удирдлагад ард түмнээ бодож алдаа дутагдлаа засая гэсэн хүсэл сонирхол байсан бол тэдэнд эрх мэдэл дутаагүй, цаг хугацаа, боломж бололцоо хангалттай байсан. Гэвч МАНАН-ынханд тийм хүсэл сонирхол өмнө нь ч байгаагүй, одоо ч байхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ.

Харин одоогийн МАН-ын удирдлага тухайн үеийн МАХН-ын жирийн гишүүд, дэмжигчдийнхээ саналыг үл хэрэгсэн мянга мянган гишүүд нь олон арван жилийн турш дайны талбарт цусаараа, хөдөлмөрийн талбарт хөлсөөрөө бичсэн “хувьсгалт” гэсэн эрхэм үгийг авч хаян улс орон, ард түмний эрх ашгаас урван хуйвалдах МАНАН хэмээх бүтцийн үндэс суурь болсон МАН хэмээх нэртэй болсон болчимгүй алхмыг хийхэд нэрээ бүтнээр нь авч үлдсэн, тэгснээрээ хэлмэгдсэн тэмцэгчдийг эгнээндээ багтаасан, ард түмнийхээ эрх ашгийг ямагт эн тэргүүнд тавьдаг улс төрийн тулхтай хүчний хувьд МАХН дээрх алдаа завхралыг ард түмнийхээ захиа даалгаврын дагуу засч, улс орноо хохиролгүй, ард түмнээ өр ширгүй болгож чадна гэдгээ ХАРИУЦЛАГТАЙГААР МЭДЭГДЭЖ байна.

Ардчилсан улс орнуудад төр засгийн хямралт байдлыг давахдаа ээлжит бус сонгууль явуулдаг, гаж тогтолцоогоо засахын тулд Үндсэн хуулиа ард түмнийхээ санал асуулгаар шинэчилдэг он цагийн шалгуурыг давсан, зөв нь түүхээр батлагдсан шийдэл, гарц байдаг.

Тэгвэл манай өнөөгийн эрх баригчид ард түмний дунд нэр нүүрээ барсныгаа мэдэж байгаа учир ээлжит бус сонгуулиас үнхэлцгээ хагартал айж, түүнийг явуулахгүйн тулд Монгол Улсад өөрсдөөс нь илүү хүмүүс огт байхгүй юм шиг ичих ч үгүй “хачин хүмүүс гараад ирвэл яах юм бэ” хэмээн ярьж, өөрсдөө төр засгийг дээд зэргийн тогтворгүй байдалд оруулсан мөртлөө ард түмний тархи толгойг угааж “төр засаг тогтвортой байх ёстой” гэсэн үгийг улиг болтол нь давтаж, өөрсдөө хэдэн зуун тэрбумаар нь идэж ууж байгаа мөртлөө “сонгууль болвол их зардал гарна” гэсэн үлгэр зохиож ард түмнээ дахин хууран мэхлэх гэж байгааг хараад шударга ёсыг ус агаар мэт үгүйлж буй жирийн хүмүүсийн уур бухимдал нэмэгдэж, тэд төрийн дээр гарсан МАНАН-г хамгийн бага гарз хохиролтойгоор зайлуулах оновчтой гарц, зөв шийдэл нь ээлжит бус сонгууль мөн юм байна хэмээн улам бүр гүн гүнзгий ойлгон ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байгааг МАХН ДЭМЖИЖ байна.

МАХН ард түмнийхээ өнөөгийн хүнд хэцүү амьдралыг өөд нь татах хариуцлагатай үйл хэргийг нэр нүүрээ барсан МАНАН-д хууртан дахин даатгаж хэрхэвч болохгүй, харин хувь заяагаа шийдэх, засах эрхийг Монголын ард түмэндээ өөрт нь эгүүлэн өгөхийн тулд УИХ-ын ээлжит бус сонгуулийг сонгогч бүрийн саналыг үл гээгдүүлэх шударга тогтолцоогоор нэн даруй зарлан явуулах, 1992 онд батлагдаад 27 жилийн турш хэрэгжиж байгаа Үндсэн хуулийн алдаа дутагдлаас үүдэлтэй төрийн “гаж тогтолцоо”-г засахын тулд шинэ Дээд хуулийн төслийг нийт ард түмнээр хэлэлцүүлэн батлуулахыг өнөөгийн эрх баригчдаас ШААРДАЖ байна.

Бидний улс орон, ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн гаргаж буй энэхүү ШААРДЛАГЫГ дэмжихийг МАНАН-аас салахыг үнэн сэтгэлээсээ хүсч байгаа МАН, АН-ын шударга гишүүд, дэмжигчид, улс төрийн бусад хүчнүүд, шударга ёсыг эрхэмлэгч бүх хүмүүс, нийт ард түмэндээ хандан УРИАЛЖ байна. Та бид нэг л эх оронтой. Эх орноо хямралаас гаргах, ард түмнийхээ ахуй амьдралыг өөд нь татах үйл хэрэг нэг ч хоног хойшилж болохгүйг эрүүл саруул ухаантай, эр зоригтой хүн бүр бидний нэгэн адил ойлгож байгаа гэдэгт ИТГЭЖ байна. МАХН Монголын ард түмэндээ ИТГЭЖ байна.

Монголын ард түмэн ЯЛАХ болтугай!

МАХН-ЫН БАГА ЧУУЛГАН