МАХН-ын Ээлжит бус Их Чуулганы

2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн

 Хуралдааны 07 тоот тогтоолоор батлав.

 

 

 

МАХН-ЫН ДҮРЭМ

 

Монгол Ардын Хувьсгалт Нам (товчилсон нэр:МАХН)-ын Дүрэм нь тус намаас эрхлэн явуулах улс төрийн үйл ажиллагаа, түүнтэй холбоотой харилцааг зохицуулахад намын дотооддоо мөрдөх баримт бичиг мөн.

 

МАХН-ын гишүүн бүр МАХН-ын Дүрмийг чандлан мөрдөнө.

 

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН

САХИН БАРИМТЛАХ ҮНЭТ ЗҮЙЛС

 

МАХН нь зүүн төвийн «социал-демократ үзэл баримтлал»-ын

  1. Хүний эрх, эрх чөлөө,
  2. Нийгмийн шударга ёс,
  3. Улс үндэстний эв нэгдэл

хэмээх үнэт зүйлсийг баримталсан иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн улс төрийн байгууллага мөн.

 

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН АЛСЫН ХАРАА

 

МАХН-ын алсын хараа нь

  1. Монгол хүн эх орондоо амгалан тайван, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх,
  2. Монгол Улсаа эрчимтэй, тогтвортой хөгжүүлэх,
  3. Үндэсний эрх ашгийг ямагт харгалзаж байх,
  4. Улс орныхоо тусгаар тогтнолыг бататган хамгаалах,
  5. Дэлхийн улс орнуудтай найрамдалт харилцааг хөгжүүлэх

зорилгыг агуулна.

 

МАХН нь алсын хараагаа бодлогын баримт бичигтээ тусгаж байна.

 

 

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

МАХН-ЫН НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧМУУД

 

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

  • МАХН нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон улс төрийн нам, түүний үйл ажиллагаатай холбогдох бусад хууль, хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцийн үзэл санаа, зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулна.
  • МАХН нь өөрийн үнэт зүйлс, зарчимтай байна. МАХН-ын бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь энэ дүрэмд тусгагдсан үнэт зүйлс, зарчимд тулгуурлана.
  • МАХН нь бүх шатны сонгуульд шударга өрсөлдөж, сонгогчдын дэмжлэгийг аван олонхи болж, алсын хараанд туссан болон Мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
  • МАХН нь хуулийн этгээд байж, үйл ажиллагаагаа улс орны хэмжээнд явуулна.
  • МАХН нь өөрийн бэлгэдэл, туг далбаа, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, банкны данстай байна.
  • МАХН-ын төв байгууллага Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлана.

 

Хоёрдугаар зүйл. Үйл ажиллагааны зарчмууд

  • МАХН нь сайн дурын гишүүнчлэлийн зарчмыг баримтална.
  • МАХН нь хамтын удирдлагын ардчилсан зарчмыг баримтална. МАХН-ын гишүүд итгэлцэл, хүндэтгэлд суурилсан харилцан ойлголцлыг эрхэмлэн ажиллана.
  • МАХН нь ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална.МАХН нь аливаа бодлого, шийдвэртээ гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг тусган, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй байлгана.
  • МАХН нь тэгш хамтын ажиллагаа, өргөн түншлэлийг хөгжүүлэх зарчмыг баримтална. МАХН нь улс орны үндэсний болон ард түмний язгуур эрх ашгийг хүндэтгэн дээдэлдэг улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй идэвхтэй хамтран ажиллана.
    • МАХН-ын бүх шатны сонгуульд нэг нэр дэвшигч нэр дэвшсэн бол санал хураалтыг илээр, хоёр ба түүнээс дээш нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол нууц санал хураалт явуулах зарчмыг баримтална.
    • МАХН нь өндөр ёс зүй, хариуцлагатай байх зарчмыг баримтална. МАХН-ын аль ч шатны сонгуульт ажилтан болон намын нэрээр албан тушаалд сонгогдож, томилогдсон гишүүд өндөр ёс суртахуунтай байж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.
    • МАХН нь шударга ёсыг сахих зарчмыг баримтална. МАХН бодлого, үйл ажиллагаандаа шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, нийгэмд шударга ёс тогтоох манлайлагч байгууллага байна.

Гуравдугаар зүйл. Намын бэлгэдэл

  • МАХН-ын бэлгэдэл нь сүлд, туг далбаа, тамга байна.
  • МАХН-ын сүлд нь уламжлал, шинэчлэл болон шударга ёс, эв нэгдлийн арга билэгийг илэрхийлсэн соёмбын улаан, хөх өнгийн хос загасыг голд нь дүрсэлсэн, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийг холбон төлөөлсөн гурван давхар бүхий нийтдээ 15 дэлбээтэй, ирээдүйн сайн сайхан хүсэл тэмүүллийг илэрхийлэн дэлгэрэн цэцэглэж байгаа улаан сарнай цэцэг байна.
  • МАХН-ын тугны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна. МАХН-ын туг далбаа нь дээд хэсэг нь мөнх тэнгэрийг бэлгэдсэн тод хөх өнгөтэй, дунд хэсэг нь шударга ёс, цэвэр ариун сэтгэл, сайн сайхан зорилго, үйл хэргийн илэрхийлэл болсон цагаан өнгөтэй, доод хэсэг нь эх газрыг дүрсэлсэн тод ногоон өнгөтэй тэнцүү гурван судлаас бүрдсэн байна. Туг далбааны төв хэсэгт МАХН-ын сүлд буюу голдоо арга билэгийн улаан, хөх өнгийн хос загасны дүрс бүхий улаан сарнай цэцгийг байрлуулсан байна.
  • Намын аливаа шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр гагцхүү намын тухайн шатны байгууллагын тамгаар баталгаажсанаар хүчин төгөлдөр болно.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

МАХН-ЫН ГИШҮҮНЧЛЭЛ

 

Дөрөвдүгээр зүйл. МАХН-д гишүүнээр элсэх

4.1. Намын Мөрийн хөтөлбөр, Дүрмийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаа илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн МАХН-д гишүүнээр элсэж болно.

4.2. МАХН-д гишүүнээр элсэхийг хүссэн Монгол Улсын иргэн намын аль ч шатны байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтээ амаар, эсхүл бичгээр гаргаж болно.

4.3. Намын гишүүнд элсэх хүсэлтийг намын анхан шатны тухайн байгууллага харьяалагдах намын Мянгатын байгууллагад шилжүүлэн шийдвэрлэж, намын бат илэрхийлэх олгож, гишүүнээр бүртгэнэ.

 

Тавдугаар зүйл. МАХН-ын гишүүний эрх, үүрэг

  • Гишүүн дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд:
  • МАХН-ын гишүүн нь намын Мөрийн хөтөлбөр, Дүрмийг хэлэлцэх, боловсруулахад оролцох,
  • МАХН-ын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх болон намын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл авах, намын харьяалагдах байгууллагын хурал, хэлэлцүүлэгт оролцож, санал шүүмжлэл тавьж, хариу авах,
  • МАХН-ын бодлого, шийдвэрийн хэрэгжилтэнд оролцох, намын удирдлагын тайланг сонсох,
  • Намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох,
  • Бүх шатны сонгуульд намаас нэр дэвших хүмүүсийн талаар намын байгууллагад саналаа тавих,
  • Гишүүний хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах,
  • Намын байгууллага өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцох.
  • Гишүүн дор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд:
  • Намын анхан шатны нэг байгууллагад бүртгэгдэн харьяалагдаж, намын ажилд идэвхтэй оролцох,
  • Намын Дүрмийг чанд сахин биелүүлэх,
  • Бүх шатны сонгуульд МАХН-ын Мөрийн хөтөлбөр, Дүрмийг сурталчлах, хэрэгжүүлэх,
  • МАХН-аас бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг дэмжин сурталчлах,
  • Намын эв нэгдлийг эрхэмлэн хамгаалах,
    • Намын эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөжүүлэхэд санаачлага гаргах, тус дөхөм үзүүлэх,
    • Намын бодлого, үйл ажиллагааг иргэд, сонгогчдод сурталчлах,
    • Гишүүний татвар, хураамжийг тогтоосон хугацаанд төлөх, боломж бололцооныхоо хэрээр хандив өргөх, намын хэвлэл захиалах зэргээр намын сан, хөмрөгийг арвижуулахад идэвхтэй оролцох,
    • Намын ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлэх,
    • Намын нийтлэг эрх ашгийг хамгаалах,
    • Намын гишүүний эрх, үүрэг хоорондоо амин холбоотойг ямагт ухамсарлан ажиллах,
    • Намын нэрийн өмнөөс аливаа албан тушаалд сонгогдож томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх.

 

Зургаадугаар зүйл. МАХН-ын гишүүнээс түдгэлзэх

  • Намын гишүүн хууль, хууль тогтоомжид заасан үндэслэлээр МАХН-ын гишүүнээс түдгэлзэнэ.
  • Түдгэлзэх үндэслэл дууссан бол МАХН-д гишүүнчлэл нь сэргэсэнд тооцно. Хууль тогтоомжинд заасан үндэслэлээр намаас түдгэлзсэн нь намын гишүүн байсан нийт цаг хугацаанаас хасагдахгүй.

 

Долоодугаар зүйл. МАХН-ын гишүүнээс гарах

7.1.     МАХН-ын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно.

  • МАХН-ын гишүүнээс гарч байгаагаа намын анхан шатны харьяалагдах байгууллагад бичгээр мэдэгдэж, намын гишүүнээс гарсан тухай намын тухайн анхан шатны байгууллага харьяалагдах намын Мянгатын байгууллагын шийдвэр гарснаар гишүүний бүртгэлээс хасагдсанд тооцно.
  • МАХН-ын албан ёсны нэр дэвшигчтэй өрсөлдөж аливаа сонгуульд бие даан нэр дэвшсэн тохиолдолд намын гишүүнээс гарсанд тооцож, бүртгэлээс хасагдана.
  • Энэ дүрмийн 7.3-т заасан үндэслэлээр намын гишүүнээс гарсан иргэн тухайн сонгуулийн нэг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа
    энэ дүрмийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн хүсэлтээр намын гишүүнээр дахин элсэж болно.
  • Энэ дүрмийн 5.2.4, 5.2.5 дахь заалтыг зөрчиж бүх шатны сонгуульд нам, намаас нэр дэвшигчийг дэмжин ажиллаагүй, эсрэг ажилласан, бусад нам, намын нэр дэвшигчийг үйлдэл, эс үйлдлээрээ дэмжсэн бол намын гишүүнээс хасагдсанд тооцож, бүртгэлээс хасагдана.
  • Намын өмч, намын нэр, хэвлэмэл хуудас, бэлгэдэл, тамга тэмдэгийг хууль бусаар, эсхүл намын нийтлэг эрх ашиг, зүй ёсны сонирхлын эсрэг эрх мэдлээ хэтрүүлэн, дур мэдэн ашигласан бол намын гишүүнээс хасагдсанд тооцож, бүртгэлээс хасагдана.

 

Наймдугаар зүйл. МАХН-ыг дэмжигч

  • Намын үйл ажиллагааг дэмжин ажиллах хүсэлтээ илэрхийлсэн иргэнийг намын анхан шатны байгууллага дэмжигчээр бүртгэнэ.
  • Дэмжигч өөрийн санал санаачлага, идэвхи зүтгэлээр намын ажилд оролцож болно.
  • Дэмжигч НАШБ-ын өргөтгөсөн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал хураалтад оролцолгүйгээр саналаа чөлөөтэй илэрхийлж болно.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МАХН-ЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

Есдүгээр зүйл. МАХН-ын удирдлагын тогтолцоо

  • МАХН-ын удирдах дээд байгууллага нь намын Их Чуулган, төлөөллийн төв байгууллага нь намын Бага Чуулган байна.

 

Аравдугаар зүйл. МАХН-ын Их чуулган, түүний бүрэн эрх

  • Ээлжит Их чуулганыг 5 жилд нэгээс цөөнгүй удаа хуралдуулна.
  • Намын ээлжит Их чуулганыг хуралдуулах товыг Бага чуулганаас тогтооно.
  • Намын Их чуулганы төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг намын Бага чуулганаас тогтооно.
  • Намын Их чуулган МАХН-ын Мөрийн хөтөлбөр, Дүрмийг батлах эрхтэй.
  • Намын Их Чуулган намын бодлогын ямарч асуудлыг авч хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ. Үүнд:

10.5.1. Намын даргыг сонгох

10.5.2 Намын Бага Чуулганы болон Хяналт, ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх,

10.5.3. Намын бүх гишүүдийн дунд явуулсан чөлөөт хэлэлцүүлгийн дүнг үндэслэн намын нэр, үзэл баримтлалыг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах.

10.6. Энэ дүрмийн 10.2, 10.3, 11.1, 12.2 дугаар зүйлийг зөрчиж намын Их чуулганыг хуралдуулахыг хориглох бөгөөд түүнээс гарсан шийдвэрийг хүчингүйд тооцно.

 

Арваннэгдүгээр зүйл. Намын Их чуулганы хуралдаан

11.1. Намын Их чуулганд сонгогдсон нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцож байгаа бол намын Их чуулганыг хүчинтэйд тооцно.

  • Намын Их чуулганыг түүнээс сонгогдсон тэргүүлэгчид удирдана.
  • Намын Их чуулганы шийдвэр нь тогтоол байна.

 

Арванхоёрдугаар зүйл. Намын ээлжит бус Их чуулган

  • Намын ээлжит бус Их чуулганыг Монгол Улсад улс төр, нийгэм, эдийн засгийн онцгой нөхцөл байдал, намын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой ээдрээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд зарлан хуралдуулж болно.
  • Намын дарга дангаараа, эсхүл намын Бага чуулгантай хамтран намын ээлжит бус Их чуулганыг зарлан хуралдуулна.
  • Намын ээлжит бус Их чуулганыг энэ дүрмийн2, 10.З-т зааснаар товлон хуралдуулна.
  • Намын ээлжит бус Их чуулган нь энэ дүрмийн 10 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдэлж, хуралдааныг 11 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулна.

 

Арвангуравдугаар зүйл. МАХН-ын дарга, түүний бүрэн эрх, үүрэг

  • МАХН даргатай байна. МАХН-ын дарга нь намын тэргүүн мөн.
  • Намын даргыг намын Их чуулганаас дараагийн Их чуулган хүртэлх хугацаагаар сонгоно.
  • Намын дарга дараах бүрэн эрхтэй байна.Үүнд:
    • Намын дотоод ардчилал, эв нэгдлийг хангах,
    • Намыг дотоод, гадаадад төлөөлөх,
    • Намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх товчооны гишүүнийг сонгуулах, чөлөөлөх саналыг намын Бага чуулганд оруулах,
    • Намын Гүйцэтгэх товчооны зөвлөмжийг харгалзан намын боловсон хүчний бодлогыг тодорхойлох,
    • Намын Мөрийн хөтөлбөр, Дүрэм, Их чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар Гүйцэтгэх товчоонд чиглэл өгөх,
  • Намын дэд дарга нарын ажлын чиг үүргийг тогтооно. Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд намын дарга шинээр сонгогдох хүртэл хугацаанд бүрэн эрхийг нь намын аль нэг дэд дарга хэрэгжүүлнэ.
  • Намын даргын дэргэд шуурхай шийдвэр гаргах эрх бүхий Зөвлөл байна. Намын даргын шийдвэрээр байгуулагдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд намын дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга, зарим нарийн бичгийн дарга нар орж болно.
  • Намын дарга ажлын алба, зөвлөхүүдтэй байж болно. Зөвлөхүүдийн тоо, ажлын чиг үүргийг намын дарга тогтооно.
  • Намын дарга дараах үүрэгтэй байна. Үүнд:
    • Ёс суртахуун, мэдлэг боловсрол, улс төрийн ажлын туршлагын хувьд бусдад үлгэрлэх чадвартай байх,
    • Намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг үлгэрлэн манлайлах,
    • Намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын явцыг намын Бага чуулганы хуралдаанд мэдээлэх.
    • Намын дарга шийдвэр гаргана.

 

Арвандөрөвдүгээр зүйл. МАХН-ын Бага чуулган, түүний бүрэн эрх, үүрэг

  • Намын Их чуулганы чөлөөт цагт намын төлөөллийн төв байгууллага нь намын Бага чуулган байна.
  • Намын Их чуулган намын Бага чуулганыг нийт 155-аас доошгүй, 205 гишүүнээс дээшгүй бүрэлдэхүүнтэйгээр сонгон байгуулна. Намын Бага чуулганы гишүүдийг тухайн үеийн сонгуулийн тогтолцоог харгалзан намын дарга, дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга, намын Түмт, Мянгатын дарга нар, нарийн бичгийн дарга нар, намын Гүйцэтгэх товчооны гишүүд, намын дэргэдэх төрийн бус байгууллага, эрдэмтэд болон бусад мэргэжлийн төлөөлөл, намын нэр хүнд бүхий гишүүдийн төлөөллийг оролцуулан сонгож болно.
  • Намын дарга намын Түмт, Мянгатуудын саналыг харгалзан намын Бага чуулганы гишүүний нэрийг дэвшүүлж, намын Их Чуулган хэлэлцэн сонгоно. Намын Их чуулганаас сонгосон намын Бага чуулганы гишүүдийн тоо 155-аас доошгүй байна.
  • Намын Их чуулганы чөлөөт цагт намын Бага чуулганы гишүүн орон гарах асуудлыг намын дарга намын Гүйцэтгэх товчооны саналыг харгалзан нэр дэвшүүлснээр намын Бага чуулганы тухайн хуралдаанаар хэлэлцэн сонгоно.
  • Намын Бага чуулганы бүрэлдэхүүнд намын Мянгат тус бүрээс нэг гишүүнийг Мянгатын саналыг үндэслэн намын Бага чуулган жил бүр сонгоно.
  • Намын Бага чуулганы гишүүдийг хэсэгчлэн шинэчлэн сонгох журмыг намын Гүйцэтгэх товчооноос боловсруулан оруулсны үндсэн дээр намын Бага чуулганаас тогтооно.
  • Намын Бага чуулган мэргэжлийн байнгын хороодтой байж болно. Намын Бага чуулганы гишүүд хоёроос илүүгүй байнгын хороонд орж ажиллаж болно. Байнгын хорооны гишүүдийн нэр, түүнд орон гарсан өөрчлөлтийг намын Бага чуулган батална. Байнгын хорооны дарга нь намын нарийн бичгийн дарга байна.
  • Байнгын хорооны дарга буюу намын нарийн бичгийн даргыг намын даргын нэр дэвшүүлснээр тухайн байнгын хорооны гишүүдийн дотроос олонхийн саналаар нэг жилийн хугацаатайгаар сонгоно.
  • Байнгын хорооны ажиллах журам, Байнгын хорооны тоо, үйл ажиллагааны чиглэлийг намын Гүйцэтгэх товчооноос боловсруулан оруулсны үндсэн дээр намын Бага чуулганаас тогтооно.
  • Намын Бага чуулган дараах эрхтэй байна.Үүнд:

14.10.1. Намын Мөрийн хөтөлбөр, Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах,

14.10.2. Намын Их чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэлүүдийг тогтоох,

14.10.3. Цаг үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн намын байр суурийг тодорхойлох,

14.10.4. УИХ-ын сонгуульд оролцох намын Мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах,

14.10.5. МАХН-ын дарга, намын Гүйцэтгэх товчооны саналыг үндэслэн МАХН-аас УИХ-ын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх,

14.10.6. УИХ-ын сонгуулийн үр дүнд олонхи болсон тохиолдолд МАХН-ын дарга, намын Гүйцэтгэх товчооны саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын даргаар томилуулах гишүүний тухай санал гаргах,

14.10.7. Намын дарга, намын Гүйцэтгэх товчооны саналыг үндэслэн Монгол Улсын                   Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд бусад улс төрийн хүчинтэй хамтран «Эвсэл» байгуулж оролцох тухай шийдвэр гаргах,

14.10.8. УИХ-ын сонгуулийн үр дүнд «Эвсэл»-ийн Засгийн газар байгуулах зайлшгүй шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж, баримтлах бодлого, зарчмыг тодорхойлох,

14.10.9. Намын даргын санал болгосноор дараах албан тушаалтнуудыг сонгох:

14.10.9.1. Намын дэд дарга нарыг,

14.10.9.2. Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг,

14.10.9.3. Намын нарийн бичгийн даргыг,

14.10.9.4. Намын Гүйцэтгэх товчооны гишүүнийг.

14.11. Намын Гүйцэтгэх товчооны ажлын тайланг сонсон хэлэлцэж, үнэлгээ дүгнэлт өгч, шаардлагатай гэж үзвэл хариуцлага тооцож байх,

14.12. Намын даргын санал болгосноор намын төв хэвлэлийн эрхлэгчийг сонгох,

14.13. Намын даргын санал болгосноор намын сургалт судалгааны төвийн захирлыг сонгох,

14.14. Намын Их чуулганы чөлөөт цагт намын Бага чуулганы бүрэлдэхүүнд гишүүн орон гарвал нөхөн сонгох, чөлөөлөх,

14.15. Намын нэрээр улс төрийн өндөр албан тушаалд сонгогдож, томилогдсон гишүүдийн тайланг сонсох, шаардлагатай гэж үзвэл хариуцлага тооцох,

14.16. Намын Гүйцэтгэх товчооны боловсруулан оруулсан саналыг үндэслэн намын шагнал бий болгох, түүнийг олгох журмыг батлах.

14.17. Намын Бага чуулганы гишүүдийн 3-ны 1-ийн дэмжлэг хүлээвэл намд тодорхой асуудлаар тодорхой хугацаанд жигүүр байгуулахыг зөвшөөрнө. Жигүүр намын Бага чуулганы дараагийн хуралдаан хуралдах хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулж болно. Намын Бага чуулганы дараагийн хуралдаан жигүүрийн тавьсан тодорхой асуудлыг тусгайлан авч хэлэлцэж олонхийн саналаар шийдвэр гаргаснаар жигүүр татан буугдсанд тооцно.

14.18. Намын Бага чуулган дараах үүрэгтэй байна. Үүнд:

14.18.1. Намын дэд даргын ажлын тайланг сонсож хэлэлцэх,

14.18.2. Намын Гүйцэтгэх товчооны тайланг сонсож хэлэлцэх,

14.18.3. Намын нарийн бичгийн даргын тайланг сонсож хэлэлцэх,

14.18.4. Намын төв хэвлэлийн эрхлэгчийн тайланг сонсож хэлэлцэх,

14.18.5. Намын сургалт, судалгааны төвийн захирлын тайланг сонсож хэлэлцэх,

14.18.6. Намын Хяналт, Ёс зүйн хорооны мэдээллийг сонсох.

 

Арвантавдугаар зүйл. Бага чуулганы хуралдаан

  • Намын Бага чуулганы ээлжит хуралдааныг хагас жил тутамд нэгээс доошгүй удаа хийнэ.
  • Намын Бага чуулганы ээлжит бус хуралдааныг цаг үеийн шаардлагаар жилд хэдэн ч удаа хийж болно.
  • Намын Бага чуулганы хуралдааныг МАХН-ын дарга, эсхүл намын Гүйцэтгэх товчооны санаачилгаар тус тус, эсхүл намын Бага чуулганы гишүүдийн 3-ны 1-ийн шаардсанаар намын Бага чуулганы ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.
  • Намын Бага чуулганд намын гишүүдийг урилгаар оролцуулан намын Бага чуулганы хуралдааныг өргөтгөн хийж болно. Намын Гүйцэтгэх товчоо тухай бүр урилгаар оролцох гишүүдийн тоог тогтооно.
  • Намын Бага чуулганы хуралдааныг түүнээс сонгогдсон дарга, орлогч дарга удирдана.
  • Бага чуулганы нийт гишүүдийн ердийн олонхи нь оролцож байгаа бол тухайн Бага чуулганы хуралдааныг хүчинтэйд тооцно.
  • Намын дарга намын Бага чуулганы хуралдааны ирц бүрдсэнийг мэдэгдэн нээж, намын Бага чуулганы хуралдааныг хуралдуулах санал оруулж, намын Бага чуулганы тухайн хуралдааны дарга, орлогч даргын тухай саналыг оруулан санал хураалган шийдвэрлүүлнэ.
  • Намын Бага чуулганы хуралдааны шийдвэр тогтоол хэлбэрээр гарна.
  • Энэхүү дүрмийн 15.3-т зааснаас өөр арга замаар ээлжит болон ээлжит бус намын Бага чуулганы хуралдаан зохион байгуулахыг хориглох бөгөөд түүнээс гарсан шийдвэрийг хүчингүйд тооцно.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

МАХН-ЫН ГҮЙЦЭТГЭХ ТӨВ БАЙГУУЛЛАГА

 

Арванзургаадугаар зүйл. МАХН-ын гүйцэтгэх төв байгууллага

  • МАХН-ын Гүйцэтгэх төв байгууллага нь намын Гүйцэтгэх товчоо байна.

 

Арвандолоодугаар зүйл. МАХН-ын Гүйцэтгэх товчооны эрх, үүрэг

  • Намын Гүйцэтгэх товчоог намын даргын санал болгосноор МАХН-ын дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан 15-21 хүний бүрэлдэхүүнтэйгээр намын Бага чуулганаас сонгон байгуулна.
  • Намын Гүйцэтгэх товчооны гишүүдийн 5-ны 1-ийг хагас жил бүр өөрчлөн сонгож болно.
  • Намын Гүйцэтгэх товчооны шийдвэрийн дагуу намын Гүйцэтгэх товчооны гишүүн нийгэм, эдийн засаг болон мэргэжлийн чиглэлийн салбарын ажлын хэсэг байгуулан удирдан ажиллаж болно. Энэхүү харилцааг зохицуулах журмыг намын Гүйцэтгэх товчоо батална.
  • Намын Гүйцэтгэх товчоо дараах эрхтэй байна.Үүнд:

17.4.1. Намын Гүйцэтгэх товчоо нь намын Их чуулган, намын Бага чуулганы шийдвэрийн биелэлтийг хангаж, намын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах,

17.4.2. Улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын тулгамдсан асуудлаар санал

дүгнэлт гаргах,

17.4.3. Намын бүх шатны байгууллагын үйл ажиллагааг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах,

17.4.4. Намын дэргэдэх “Хүний нөөцийн алтан сан”-г бүрдүүлэн баяжуулж, намын даргад намын боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөх,

17.4.5. Намын гадаад харилцааг эрхлэх,

17.4.6. Намын жилийн төсвийг баталж, санхүү, аж ахуйн асуудлыг эрхлэж, энэ асуудлыг

хариуцсан байгуулага, албан тушаалтны ажилд хяналт тавих,

17.4.7. Намын Гүйцэтгэх товчооны ажлын албыг зохион байгуулж ажиллуулах,

17.4.8. Намын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнийг байгуулах,

17.4.9. Намын нарийн бичгийн дарга нарын ажлын чиг үүргийн хуваарийг батлах.

17.4.10. Намын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн нь Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар болон намын Гүйцэтгэх товчооны ажлын албаны дарга нараас бүрдэж, намын Гүйцэтгэх товчооны ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах, аж ахуй, санхүүгийн холбогдолтой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.

17.5.  Намын Гүйцэтгэх товчоо нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

17.5.1. Намын Бага чуулганд ажлаа тайлагнаж байх,

17.5.2. Намын санхүү, аж ахуйн асуудлаар жил бүр Бага чуулганд тайлагнаж, Хяналт, ёс зүйн хороонд мэдээлж байх,

17.5.3. Намын Бага чуулганаар хэлэлцэх асуудлыг бэлдэж оруулах,

17.5.4. Ажлын албаараа дамжуулан намын гишүүд, иргэдээс намын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан санал, хүсэлт, өргөдөлд шуурхай хариу өгч байх,

17.5.5. Намын бодлого, үйл ажиллагааг сурталчлах ажлыг намын хэмжээнд зохион байгуулах, намын төв хэвлэлийн нийтлэлийн бодлогод чиглэл өгөх,

17.5.6. Намын гишүүд, дэмжигчдийн болон олон нийтийн санал бодолд тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулах, намын сургалт судалгааны байгууллагад чиглэл өгөх,

17.5.7. Намын ажилтны улс төрийн боловсролыг дээшлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах,

17.5.8. Намын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах.

 

Арваннаймдугаар зүйл. Намын Гүйцэтгэх товчооны хуралдаан

  • Намын Гүйцэтгэх товчооны хуралдааныг намын дарга, эсхүл түүний даалгаснаар Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулна.
  • Намын Гүйцэтгэх товчооны гишүүдийн олонхи нь хамтдаа санал гаргавал намын дарга Гүйцэтгэх товчооны хуралдааныг зарлан хуралдуулна.
  • Намын Гүйцэтгэх товчооны хуралдааныг намын дарга, түр эзгүйд нь Ерөнхий нарийн бичгийн дарга удирдана.
  • Намын Гүйцэтгэх товчооны хуралдаанд гишүүдийн олонхи нь оролцсон бол хүчинтэйд тооцно.
  • Намын Гүйцэтгэх товчооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.
  • Намын Гүйцэтгэх товчооны тогтоолд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар хамтдаа, тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг тус тус зурна.
  • Намын Гүйцэтгэх товчооны хуралдааныг хуралдаан даргалагчийн саналаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж болно.

 

Арванесдүгээр зүйл. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

  • Намын Ерөнхий нарийн бичгийн дарга дараах эрхтэй байна. Үүнд:
  • Намын Гүйцэтгэх товчооны ажлын албыг арга зүйн удирдлагаар хангаж, өдөр тутмын ажилд нь хяналт тавих,
  • Намын батлагдсан жилийн төсвийг захиран зарцуулах, намын санхүү, аж ахуйг эрхлэн хөтлөх,
  • Намын Ерөнхий нарийн бичгийн дарга дараах үүрэгтэй байна. Үүнд:
  • Намын Гүйцэтгэх товчооны хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийг албажуулж, хэрэгжилтийг зохион байгуулах,
    • Намын архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль тогтоомж, дүрэм зааврын    дагуу зохион байгуулах,
  • Намын Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байна.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

 

МАХН-ЫН АНХАН,  ДУНД  ШАТНЫ  БАЙГУУЛЛАГА

 

Хорьдугаар зүйл. МАХН-ын анхан, дунд шатны байгууллагын бүтэц, зохион байгуулалт

  • МАХН нь орон нутагт Аравт, Зуут, Мянгат, Түмтийн зохион байгуулалттай байна.
  • Намын анхан шатны байгууллага нь сумын баг, хорооны хэсэгт Аравт, сум, хороо, аймгийн төвийн баг, тосгонд Зуут, УИХ-ын сонгуулийн тойрогт Мянгат, УИХ-ын сонгуулийн хоёроос илүү тойрог бүхий аймагт аймгийн Түмт, дүүрэгт дүүргийн Түмт, нийслэлд нийслэлийн Түмтийн зөвлөл тус тус байна.
  • Намын Зуутын даргын санал болгосноор Аравтын хурлаар Аравтын дарга, намын Мянгатын даргын санал болгосноор Зуутын хурлаар Зуутын дарга, дэд дарга нарыг тус тус сонгож, чөлөөлнө.
  • Намын даргын санал болгосноор намын Мянгат, Түмтийн бага хурлаар намын Мянгат, Түмтийн даргыг сонгож, чөлөөлнө.
  • Намын Аравтын дарга нар Зуутын зөвлөлийг, намын Зуутын дарга нар Мянгатын зөвлөлийг, намын Мянгатын дарга нар Түмтийн зөвлөлийг тус тус бүрдүүлнэ.
  • Намын Аравт, Зуутын хурал (зөвлөгөөн, цуглаан, ярилцлага)-ыг сард нэгээс доошгүй удаа, тайлангийн хурлыг жил тутам тус тус зохион байгуулна. Хурлын шийдвэр тогтоол хэлбэрээр гарна.
  • Намын Зуут бүрийн хурлаас намын Мянгатын бага хуралд тус бүр 5-10 гишүүнийг нэг жилийн хугацаатайгаар сонгон ажиллуулна.
  • Намын Мянгатын бага хурлыг улиралд нэгээс доошгүй удаа, тайлангийн хурлыг жил тутам тус тус зохион байгуулна. Намын Мянгатын бага хурлын шийдвэр нь тогтоол хэлбэрээр гарна.
  • Намын Мянгат бүрийн бага хурлаас намын Түмтийн бага хуралд тус бүр 10-15 гишүүнийг нэг жилийн хугацаатайгаар сонгон ажиллуулна.
  • Намын Түмтийн бага хурлыг хагас жилд нэгээс доошгүй удаа, тайлангийн хурлыг жил тутам тус тус зохион байгуулна.

 

Хориннэгдүгээр зүйл. Намын анхан, дунд шатны байгууллагын эрх, үүрэг

  • Намын анхан, дунд шатны байгууллага дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
  • Гишүүд, дэмжигчид, сонгогчдод МАХН-ын Мөрийн хөтөлбөр, Дүрмийг таниулан сурталчлах, тэдний хүчийг намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дайчлан оролцуулах,
  • Намын гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөтгөх, тухайн орон нутагтаа боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх,
  • Намын дээд шатны байгууллагаас гаргах бодлогын шинжтэй баримт бичиг, шийдвэрийн төслийн талаар нэгдсэн санал өгөх,
  • Намын амьдрал, улс орны тулгамдсан асуудлаар гишүүд, дэмжигчиддээ мэдээлэл өгөх,
  • Намын хэвлэл захиалах ажлыг зохион байгуулах,
  • Тухайн шатны Орон нутгийн сонгуульд оролцох намын Мөрийн хөтөлбөрийг боловсруулан гаргах,
  • Мянгат, Түмтийн даргын санал оруулсанаар шат шатандаа харьяалагдах нутаг дэвсгэрийн ИТХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчийг тодруулах,
  • Бүх шатны сонгуулийн сурталчилгааны ажлыг тухайн орон нутагтаа хариуцан зохион байгуулах,
  • Бүх шатны сонгуулийн үеэр намаас нэр дэвшигчийг дэмжин ажиллах,
  • Намын удирдах дээд байгууллагад сонгогдох, түүнчлэн харьяалагдах нутаг дэвсгэрт УИХ-ын сонгуульд нэр дэвших намын гишүүний талаар саналаа Бага Чуулганд илэрхийлэх,
  • Намын Аравтаас баг, хэсгийн удирдлагад, Зуутаас сум, хорооны удирдлагад, Мянгат, Түмтээс аймаг, дүүргийн удирдлагад, нийслэлийн Түмтийн зөвлөлөөс нийслэлийн удирдлагад тус тус нэр дэвшүүлэх тодорхой санал гаргах,
  • Санхүүгийн хувьд бие даан ажиллахыг эрмэлзэх, намын санхүүг бэхжүүлэхэд туслах,
  • Гишүүдийнхээ нэр төрийг хамгаалах,
  • Тухайн шатны ИТХ-ын намын бүлгийн ажиллах журмыг тогтоох,
  • Тухайн шатны Орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн намын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих,
  • Тухайн шатанд намын нэрээр сонгогдож, томилогдсон улс төрийн албан тушаалтны ажил байдлын тайлан, мэдээллийг сонсох, үнэлэлт дүгнэлт өгөх, шаардлагатай бол хариуцлага тооцох талаар санал гаргах,
  • Тухайн шатны Орон нутгийн сонгуульд орохдоо болон сонгуулийн үр дүнг харгалзан «Эвсэл» байгуулах шаардлага гарвал баримтлах бодлого, зарчмаа намын Гүйцэтгэх товчооноос өгсөн чиглэлийн дагуу тодорхойлох.
  • Сумын намын Зуут тамгатай байна. Аймгийн төвийн баг, дүүргийн хорооны Зуут нь Мянгатын тамга хэрэглэнэ. Тамга гарын үсэг хамт байж тухайн үйлдэл хүчин төгөлдөр болно.
  • Сумын намын Зуут тухайн Зуутыг харьяалах намын Мянгатын даргын зөвшөөрснөөр тамга хэрэглэнэ.
  • Энэ дүрмийн 21.1.18, 21.1.19-д заасныг зөрчиж тамга хэрэглэсэн бол тухайн үйлдэл хүчингүй байна.

 

Хоринхоёрдугаар зүйл. Зуут, Мянгатын зөвлөлийн эрх, үүрэг

  • Намын Зуут, Мянгатын зөвлөл нь Зуут, Мянгатын хурлын чөлөөт цагаар энэ Дүрмийн холбогдох зүйл заалтад туссан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
  • Намын Түмтийн зөвлөлийн эрх, үүргийг намын Гүйцэтгэх товчоо хэлэлцэж батална.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

МАХН-ЫН  ДОТООД  ХЯНАЛТ

 

Хорингуравдугаар зүйл. МАХН-ын дотоод хяналтын байгууллага, түүний бүрэлдэхүүн

  • МАХН-ын дотоод хяналт хараат бус, бие даасан байна.
  • МАХН-ын дотоод хяналтын ажлыг намын Хяналт, Ёс зүйн хороо, намын Түмт, Мянгатад хяналт, ёс зүйн дэд хороо, намын Зуутад хяналт, ёс зүйн хэсэг тус тус гүйцэтгэнэ.
  • Намын дотоод хяналтын байгууллага нь намын өдөр тутмын харилцааг зохицуулах Дүрэм, намын гишүүдийн ёс зүйн хэм хэмжээний зөрчилд хяналт тавьж, шалган тогтоож, дутагдлыг засаж, туршлагыг дэлгэрүүлэх зэргээр хамтран ажиллах байгууллага мөн.
  • Хяналт, Ёс зүйн хороог намын Их чуулганаас намын даргын саналаар 11 гишүүний, хяналт, ёс зүйн дэд хороог намын Түмтийн бага хурлаас Түмтийн даргын саналаар, намын Мянгатын бага хурлаас Мянгатын даргын саналаар 7-9 гишүүний, хяналт, ёс зүйн хэсгийг намын Зуутын хурлаас Зуутын даргын саналаар 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их чуулган хүртэл хугацаанд тус тус сонгож ажиллуулна.
    • Хяналт, ёс зүйн хороо, дэд хороо, хэсгийн даргыг жил бүр ээлжлэн ажиллах зарчмаар хяналт, ёс зүйн хороо, дэд хороо, хэсгийн гишүүдийн дундаас өөрсдөө сонгоно.
    • Намын Их чуулган, намын Зуут, Мянгатын бага хурал, Түмтийн бага хурлын чөлөөт цагт Хяналт, ёс зүйн хороо, дэд хороо, хэсгийн гишүүн орон гарвал Хяналт ёс зүйн хорооны гишүүнийг намын даргын саналаар намын Бага чуулган, дэд хороо, хэсгийн гишүүнийг харьяа Түмт, Мянгат, Зуутын даргын саналаар Түмтийн бага хурал, Мянгатын бага хурал, Зуутын хурлаар тус тус нөхөн сонгоно.
    • Хяналт, ёс зүйн хорооноос боловсруулж оруулсан «Намаас сонгогдож, томилогдох гишүүдийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ»-г намын Бага чуулган хэлэлцэж батална.
    • Хяналт, ёс зүйн хороо тухайн шатны сонгуульд оролцох нэр дэвшигчтэй намын өмнөөс байгуулах гэрээг боловсруулан намын шат шатны байгууллагаар хэлэлцүүлэн батлуулна.
    • Хяналт ёс зүйн хороо тухайн шатны сонгуульд оролцсон нэр дэвшигчийн намтай байгуулсан гэрээг хянан дүгнэж, шаардлагатай гэж үзвэл хариуцлага тооцох шийдвэр гаргана.

 

Хориндөрөвдүгээр зүйл. Намын дотоод хяналтын байгууллагын эрх, үүрэг

  • МАХН-ын дотоод хяналтын байгууллага дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
  • Намын дүрмийн биелэлтэнд хяналт тавьж ажиллах,
  • Намын боловсон хүчний бодлогын хэрэгжилтэнд шат шатандаа хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулахаар намын холбогдох албан тушаалтан, байгууллагад шаардлага хүргүүлэх,
  • Намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шат шатандаа хяналт тавих,
  • Намын гишүүдээс гаргасан гомдлыг шат шатандаа хянан шийдвэрлэх,
  • Нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намын нэр төр, бодлого, үйл ажиллагааг санаатайгаар гутаан доромжлох, мушгин гуйвуулах зорилгоор тараасан мэдээлэл, мэдэгдэлд намын хэвлэлийн албатай хамтран тухай бүр шат шатандаа хариу няцаалт өгөх,
  • Намын Хяналт, ёс зүйн хороо нь намын Түмт, Мянгат, Зуутын хяналт, ёс зүйн байгууллагуудыг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах,
  • Намын нэрээр улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдсон албан тушаалтны ёс зүйн асуудлыг хариуцаж, тэдгээрийн ёс зүйн зөрчлийн талаар ирүүлсэн мэдээллийг судлан шалгаж дүгнэлт гаргах,
    шаардлагатай гэж үзвэл тухайн шатны намын байгууллагын хуралд сонсгох, санал гаргах,

    • Намын бичиг хэргийн хөтлөлт, архивын бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтанд хяналт шалгалт хийх,
  • Намын Хяналт, ёс зүйн хороо нь намын Бага чуулганд энэ дүрмийн 24.1.1-24.1.7 заалтуудын хэрэгжилтээр жил тутам мэдээлэл хийх,
  • Намын Зуут, Мянгат, Түмтийн Хяналт, ёс зүйн хэсэг, дэд хороонууд нь энэ дүрмийн 1.1-24.1.5, 24.1.7-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
  • МАХН-ын Хяналт Ёс Зүйн хороо нь доод шатны хяналтын байгууллагын дүрмийн бус шийдвэрийг хүчингүй болгоно.

 

Хоринтавдугаар зүйл. Намын дотоод хяналтын байгууллагын хуралдаан

  • Намын дотоод хяналтын байгууллагын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.
  • Хяналтын байгууллагын хуралдааныг дарга нь зарлан хуралдуулж, удирдана.
  • Хяналтын байгууллагын гишүүдийн олонхи нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
  • Хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.
  • Намын хяналтын байгууллагын хурлын тогтоолд хуралдаанд оролцсон гишүүд, тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.
  • Хяналт Ёс Зүйн шат шатны байгууллага нь хэвлэмэл хуудас хэрэглэж болно.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

 

НАМЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БА СУРГАЛТ,

СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА

 

Хоринзургаадугаар зүйл. МАХН-ын хэвлэл мэдээллийн байгууллага

  • МАХН-ын төв хэвлэл нь «Үнэний элч» сонин мөн.
  • «Үнэний элч» сонин нь намын гишүүд, дэмжигчид, сонгогчдын үзэл бодлыг илэрхийлж, бие даасан, хараат бус, нээлттэй байх зарчмаар үйл ажиллагаагаа явуулна.
  • «Үнэний элч» сонин нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
  • «Үнэний элч» сонин нь МАХН-ын бодлого, шийдвэр, үйл ажиллагааг олон түмэнд үнэн зөв таниулан сурталчилна.
  • «Үнэний элч» сонины эрхлэгч сонины үйл ажиллагаа болон гишүүд, дэмжигчдээс намын ажлын тухай ирүүлсэн санал, хүсэлт, шүүмжлэлийн талаар намын Гүйцэтгэх товчоонд мэдээлж болно.
  • МАХН нь өөрийн цахим мэдээллийн нэгжтэй байж болно.
  • МАХН нь телевиз, радиогийн студитэй байж болно.

 

Хориндолоодугаар зүйл. МАХН-ын сургалт, судалгааны байгууллага

  • МАХН нь сургалт судалгааны байгууллагатай байна.
  • Намын сургалт судалгааны төвийн бүтэц, ажиллах журмыг Гүйцэтгэх товчооны боловсруулсныг үндэслэн Бага чуулганаас тогтооно.
  • Намын сургалт судалгааны байгууллагын дэргэд Эрдэмтдийн зөвлөл ажиллана. Эрдэмтдийн зөвлөл намын бодлого, үйл ажиллагаанд онол, арга зүйн зөвлөгөө өгнө.
  • МАХН-ын сургалт судалгааны төв нь намын гишүүд, дэмжигчид, сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, нийгэм, эдийн засаг, улс төрийн тандалт судалгаа хийх ажлыг хариуцна.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

НАМЫГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА

БА ТҮНШЛЭЛ

 

Хориннаймдугаар зүйл. МАХН-ын дэргэдэх болон дэмжигч байгууллага

  • МАХН-ын дэргэд иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны зэрэг төрийн бус байгууллагууд зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулна.
  • Намыг дэмжигч нийгмийн бүх төрлийн мэргэжил, сонирхлын клуб, бүлгэмүүд сайн дураараа байгуулагдан ажиллаж болно.
  • Намын дэргэдэх болон дэмжигч клуб, бүлгэмүүд өөрийн үйл ажиллагаатай холбоотой аливаа хариуцлагыг өөрсдөө бүрэн хүлээнэ.

 

Хоринесдүгээр зүйл. Намын түншлэл

  • Нам нь эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны зэрэг иргэний нийгмийн бусад байгууллага, хөдөлгөөнүүдтэй идэвхтэй хамтран ажиллана.
  • Нам нь зүүн төвийн үзэл баримтлалд ойр дотно үйлдвэрчний байгууллагатай нягт хамтран ажиллана.
  • Нам нь улс төрийн бусад хүчнүүдтэй харилцан хүндэтгэх, тэгш байх зарчмаар нээлттэй хамтран ажиллана.
  • Нам нь хувийн хэвшлийн байгууллагууд, ялангуяа хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэдгээрийн эрх ашгийг хамгаалсан байгууллагуудтай хамтран ажиллана.
  • Нам нь шударга ёсыг дээдэлдэг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай идэвхтэй, нягт, нээлттэй хамтран ажиллана.
  • Нам нь улс төрийн бусад хүчин, иргэний байгууллага, хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, хэвлэл, мэдээллийн байгуулагуудтай хамтран ажиллахдаа ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, улс орны тусгаар тогтнолыг эрхэмлэн Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц болон бусад хууль, хууль тогтоомжийн хүрээнд ажиллана.

 

Гучдугаар зүйл. Намын гадаад харилцаа

  • Нам нь олон улсын улс төрийн намуудын байгууллага, ялангуяа зүүн төвийн үзэл баримтлал бүхий улс төрийн намуудыг эгнээндээ багтаасан байгууллагатай идэвхитэй хамтран ажиллана.
  • Нам нь гадаадын улс орны улс төрийн намууд, ялангуяа зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудтай өргөн хүрээнд идэвхтэй хамтран ажиллана.
  • Нам нь намын гишүүд, дэмжигчдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр гадаад харилцаагаа идэвхтэй хөгжүүлнэ.
  • Намын гадаад харилцаа харилцан хүндэтгэх, хамтран ажиллах, мэдээлэл солилцох, харилцан дотоод хэрэгтээ хөндлөнгөөс үл оролцох зэрэг зарчимд тулгуурлана.

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

НАМЫН САНХҮҮЖИЛТ БА ӨМЧ ХӨРӨНГӨ

 

Гучиннэгдүгээр зүйл. МАХН-ын санхүүжилтийн эх үүсвэр

  • Намын санхүүжилтийн эх үүсвэр нь намын гишүүд, дэмжигчдийн татвар, хураамж, хандив байна.
  • Намын гишүүдийн татвар, хураамжийг Монгол Улсын хууль, хууль тогтоомжинд нийцүүлэн боловсруулсан, намын Бага чуулганаар баталсан МАХН-ын санхүүжилтийн журмаар зохицуулна.
  • Намын гишүүд, дэмжигчдийн хандив сайн дурын байна.
  • Улс төрийн намуудын санхүүжилттэй холбогдуулж гаргасан хууль, хууль тогтоомжийн дагуу олгогдох мөнгө нь намын санхүүжилтийн нэг эх үүсвэр болно.
  • Нам нь УИХ, орон нутгийн ИТХ-д суудалтай үед гишүүдийн суудлын мөнгө нь намын санхүүжилтийн нэг эх үүсвэр болно.
  • Нам нь хандив цуглуулж, хөрөнгө мөнгө босгохдоо хуульд нийцүүлж, ил тод, олон түмэнд нээлттэй байх зарчмыг баримтална.

 

Гучинхоёрдугаар зүйл. МАХН-ын санхүүгийн удирдлага

  • Намын жил бүрийн төсвийг намын Гүйцэтгэх товчоо батална.
  • Төсвийн төслийг намын Гүйцэтгэх товчооны ажлын алба боловсруулж танилцуулна.
  • Төсвийн хувиарлалт нь намын Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдаатай байна.
  • Төсвийн мөнгөн гүйлгээг Ерөнхий нарийн бичгийн дарга хянана.
  • Гүйцэтгэх товчоо төсвийн зарцуулалтыг жил бүр Хяналт, ёс зүйн хороонд мэдээлж, намын Бага чуулганд тайлагнана.

 

Гүчингуравдугаар зүйл. МАХН-ын санхүүжилтийн ил тод байдал

  • Намын санхүүжилт, төсвийн зарцуулалт нь ил тод байна.

 

Гучиндөрөвдүгээр зүйл. МАХН-ын өмч хөрөнгө

  • Намын хөрөнгө нь гишүүд, дэмжигчдийн татвар, хандив, бусад санхүүгийн дэмжлэг, эх үүсвэрүүдээс орж ирсэн мөнгөн болон бусад орлого, намын бэлэгдэл бүхий бэлэг дурсгалын зүйл, намын өмчлөлийн барилга байгууламж, эд хогшил, намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны болон хуульд заасан бусад орлогоос бүрдэнэ.
  • Намын архив, сан хөмрөг, гишүүд, дэмжигчдийн бүртгэл (цаасан болон цахим), нэр, сүлд, туг далбаа, тамга тэмдэг, албан бичгийн нүүр хуудас, сонгуулийн кампанит ажлын уриа, лого, гишүүний батлах (хэвлэмэл болон цахим) нь намын халдашгүй бөгөөд хуваагдашгүй өмч мөн.
  • Намын бүх шатны байгууллагад намын өмч, сан хөмрөг бүртгэлтэй байна.
  • Намын бүх шатны байгууллага нь өөрийн хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүр тухайн шатны байгууллагад бүртгэлтэй гишүүдэд мэдээлж байна.

 

 

АРАВДУГААР БҮЛЭГ

НАМЫН  ХҮНИЙ  НӨӨЦИЙН  БОДЛОГО

 

Гучинтавдугаар зүйл. Хүний нөөцийн мэдээллийн сан

  • Нам нь гишүүд, дэмжигчдийн бүртгэлийг нэгтгэсэн “Хүний нөөцийн алтан сан”-тай байна.
  • Хүний нөөцийн мэдээллийн сан нь гишүүд, дэмжигчдээс гадна үндэсний хэмжээнд мэргэжлийн чадвар, мэдлэг боловсролын түвшнээр бусдаасаа илүү чадварлаг шилдэг боловсон хүчний тухай мэдээллийг агуулсан байна.
  • Хүний нөөцийн мэдээллийн санг орчин үеийн арга технологийг ашиглан байгуулж, байнга шинэ, чадварлаг боловсон хүчний бүртгэлээр баяжуулж байна.

 

Гучинзургаадугаар зүйл. Хүний нөөцийг шилж сонгох

  • Боловсон хүчнийг шилж сонгох шалгуур нь юуны түрүүн өндөр ёс суртахуун, мэдлэг боловсрол, туршлага, бүтээлч чанар, идэвхи санаачилга, багаар ажиллах чадвар, хариуцлагатай байх чанар зэргийг багтаана.
  • Намын боловсон хүчнийг богино болон дунд хугацааны сургалтанд хамруулж байна.

 

Гучиндолоодугаар зүйл. Хүний нөөцийн ажлыг үнэлж дүгнэх

  • Сонгож, томилсон боловсон хүчнийхээ ёс суртахуун, ажлын үр дүн, хариуцлага даах чадварыг орчин үеийн хүний нөөцийн үнэлгээний аргуудыг ашиглан үнэлж дүгнэнэ.
  • Ёс суртахуунтай, үр дүнтэй, нэр хүндтэй ажиллаж байгаа сонгож, томилсон боловсон хүчнээ урамшуулан дэмжих бодлого баримтална.
  • Ёс суртахууны зөрчил гаргасан, хууль бус үйлдэлд нэр холбогдсон, ажлын үр дүн хангалтгүй зэрэг алдаа гаргасан боловсон хүчинтэй хариуцлага тооцно.

 

Гучиннаймдугаар зүйл. Намаас сонгуульд нэр дэвшигчийг тодруулах

  • Намаас шат шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа намын анхан ба дунд шатны байгууллагын саналыг харгалзан үзнэ.
  • Намаас шат шатны сонгуульд нэр дэвшигч нь «Намаас сонгогдож, томилогдох гишүүдийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ»-г зөрчөөгүй байна.
  • Намаас сонгуульд нэр дэвшигчдэд тавих шалгуур болон бусад асуудлыг намын Гүйцэтгэх товчооноос боловсруулсныг үндэслэн намын Бага чуулганаар хэлэлцэн баталсан журмыг баримтлан шийдвэрлэнэ.
  • УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн талаар намын дарга, намын Гүйцэтгэх товчоо хамтран санал оруулж, намын Бага чуулган хэлэлцэж, нууц санал хураалт явуулах бөгөөд хамгийн олон санал авсан намын гишүүнийг нэр дэвшигч гэж үзнэ.
  • Намын Гүйцэтгэх товчоо намаас УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулна.
  • Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн талаар нийслэлийн Түмтийн зөвлөлийн оруулсан саналыг нийслэлийн Түмтийн бага хурал хэлэлцэж, нууцаар санал хураалт явуулах бөгөөд хамгийн олон санал авсан
    намын гишүүнийг нэр дэвшигч гэж үзнэ.
  • Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн талаар намын Мянгатын бага хурал хэлэлцэж, нууцаар санал хураалт явуулах бөгөөд хамгийн олон санал авсан
    намын гишүүнийг нэр дэвшигч гэж үзнэ.
  • Сумын ИТХ-ын сонгуульд Хорооны дарга, Хорооны иргэдийн нийтийн хурлын даргад нэр дэвшигчийн талаар намын Зуутын хурлаар хэлэлцэж, нууцаар санал хураалт явуулах бөгөөд олонхийн санал авсан гишүүнийг нэр дэвшигч гэж үзнэ.
  • Намын Түмтийн зөвлөл нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн тойргийн хороонд, Мянгатын зөвлөл аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн тойргийн хооронд, Зуутын зөвлөл сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн тойргийн хооронд тус тус бүртгүүлэх ажлыг зохион байгуулна.

 

Энэхүү дүрмийг МАХН-ын ээлжит бус Их чуулганаар хэлэлцэн шинэчлэн найруулж баталсан бөгөөд МАХН-ын гишүүн, намын сонгуульт ажилтан, намын байгууллага бүр дагаж мөрдөнө.