2018 оны 07 сарын 07-ны өдөр хуралдсан

МАХН-ын Ээлжит бус их Чуулганы

07 тоот тогтоолоор батлав.

 

Монгол Ардын Хувьсгалт Намын

МӨРИЙН ХӨТӨЛБӨР

МАХН нь Монголын ард түмэн, Монгол Улсын язгуур эрх ашгийг иш үндэc болгож, нийгмийн бүхий л давхаргын ашиг сонирхлыг эн тэнцүү илэрхийлэн xамгаалж, үзэл баримтлалын хувьд “социал демократ үзэл”-ийг баримталж, өвөг дээдсийнхээ хийж бүтээснийг хүндэтгэн үнэлж, өнөөгийн үеийнхнийг амьдралдаа эзэн болохын чухлыг ойлгуулан зоригжуулж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээхийн төлөө энэхүү Мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байна.

 

МАХН гадаад, дотоодын улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн төлөөлөл болсон цөөн тооны хүн өөрсдөө бүтээгээгүй хэрнээ Монгол эх орны маань байгалийн баялагт эзэн суун хагартлаа баяжиж харин энэхүү баялгийн жинхэнэ эзэн нь байх ёстой жирийн ард иргэд ядуу зүдүү амьдарч байгаа өнөөгийн шударга бус тогтолцоог халж, манай улсын газар, түүний баялаг монголын ард түмний дундын өмч болж, улс орны эрчимтэй хөгжлийн түлхүүр болох ёстой гэсэн зарчмын байр суурийг баримталж байна.

 

Байгалийн баялаг дундын өмч байх эх оронч үзэл санаа нь МАХН-ын Мөрийн хөтөлбөр хэрэгжих эдийн засгийн баталгаа, Монгол хүн эх орондоо жинхэнэ ёсоор эзэн суухын угтвар нөхцөл мөн.

 

МАХН шударга сонгуульд өрсөлдөн ард түмнийхээ дэмжлэгтэйгээр төр засгийн эрхийг авч, богино хугацаанд ядуурал, хээл хахуулийг арилган, дунд ба урт хугацааны оновчтой бодлогыг тууштай хэрэгжүүлснээр чинээлэг дундаж давхаргыг бий болгон бэхжүүлж, Монгол Улсыг хүний хөгжил, амьжиргааны түвшин, шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр дэлхийн эхний 30 улс орны тоонд багтах улс болгон хөгжүүлэхийг зорино.

МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн Мөрийн хөтөлбөрөө боловсруулах, МАХН сонгуульд сонгогчдын дэмжлэг авч Засгийн газрыг эмхлэн байгуулах эрхтэй болж үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхдээ энэхүү Мөрийн хөтөлбөрийг иш үндэс болгоно.

 

Зорилго

 

Монголын гол баялаг бол Монгол хүн мөн хэмээн үзэж, Монгол хүн төр засгийн хамгаалалтанд орох, түүнд өндөр цалин бүхий ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоог гарган олгох, ядарч зүдэрсэн иргэдээ төрийн хайр халамжид авч хүний зэрэгтэй амьдрахад нь туслах нь төр засгийн үйл ажиллагааны хамгийн чухал зорилго мөн хэмээн үзнэ.

 

Монгол хүн бүр сурч боловсорсноор авъяас чадвараа нээн хөгжүүлж, гэр бүлээ бэхжүүлж, эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж, хүний зэрэгтэй амьдрахад хүрэлхүйц цалин орлоготой байх нөхцлийг бүрдүүлнэ.

 

Мэргэжилтэй буюу дээд боловсролтой хүний сарын орлого чинээлэг амьдрахад хүрэлцэхүйц, мэргэжил хараахан эзэмшээгүй буюу тусгай мэдлэг шаардагддаггүй ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүний сарын орлого амьдралд нь хангалттай хүрэлцэхүйц байхаар тооцож цалин орлогыг нь тууштай нэмэгдүүлэх бодлого баримтлан хэрэгжүүлнэ. Энэхүү зорилгод хүрэхийн тулд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, өндөр технологийг нэвтрүүлэн хөгжүүлж, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бодлогыг баримтлан хэрэгжүүлнэ.

 

Ахмадууддаа сард маргаашдаа санаа зоволгүй амьдрахад хүрэлцэхүйц тэтгэвэр олгож, ажил хөдөлмөр эрхлэх боломж нь эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хязгаарлагдсан хүмүүст баталгаатай орлого буюу өдөр тутмын хэрэгцээнд нь хүрэлцэхүйц тэтгэмжийг сар бүр олгодог болно.

 

Улс орны хөгжлийг эрчимжүүлэх нь боловсролын тогтолцооноос ихээхэн хамааралтай тул хүн бүр дээд боловсролтой болох, төрийн өмчийн их, дээд сургуульд сурч тодорхой мэргэжилтэй болоход шаардагдах зардлыг төрөөс бүрэн хариуцдаг зарчмыг үе шаттай нэвтрүүлнэ. Ингэснээр Монгол залуу хүн бүр дээд боловсролтой болж, ялангуяа инженер техникийн мэргэжил эзэмшиж, хөрвөх чадвартай боловсон хүчний хэмжээнд үнэлэгдэнэ.

 

Монгол Улсын нийгмийн харилцааны үндсэн нэгж нь гэр бүл мөн тул гэр бүлийг дэмжих бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, юуны түрүүн гэр бүлийг орон сууцаар хангах зорилгыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд амьдралаа шинээр зохиож буй залуу гэр бүлүүд орон сууцтай болж тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь МАХН-ын зүгээс залуучуудад чиглэгдсэн нэгэн тулгуур бодлого байх болно.

 

Төр засгаас улс орны хөгжлийг эрчимжүүлэхийн тулд хотын хөгжилд онцгой анхаарч, хүн ардаа тав тухтай орчинд ажил хөдөлмөр эрхлэн амгалан тайван амьдрахад туслах зорилготой “Улсын чанартай найман хот” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхдээ төрийн мэдлийн орон сууц барьж, улмаар өрх бүр төрийн өмчийн орон сууцанд амьдрах боломжийг хангана. Нэг өрх айлд дунджаар 50 ам дөрвөлжин метр талбайтай орон сууц оногдохоор тооцож, орон сууцгүй айл өрхөд “Улсын чанартай найман хот” бүсийн чанартай хотуудад орон сууц барьж олгох бодлого баримтлан хэрэгжүүлнэ.

 

Улс орныхоо газар зүйн байрлал, байгалийн баялаг, дэд бүтцийн сүлжээ, эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтийг үндэслэж, хүн ам зүйн бодлоготой уялдуулан “Улсын чанартай найман хот”-ыг байгуулах хөтөлбөрийн хүрээнд ажлын олон байр бүхий орчин үеийн технологийн нэг нэгнйгээ дэмжсэн кластер үйлдвэрүүдийг барьж ашиглалтанд оруулна.

 

“Улсын чанартай найман хот”-д орчин үеийн эмнэлэг, сургууль, үзвэр үйлчилгээний газар, соёл урлаг, спортын цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн, асрамжийн газар зэрэг орчин үеийн хотуудад тавигдах шаардлага, стандартыг бүрэн хангасан дэд бүтэц бүхий орчныг бүрдүүлнэ. Ингэснээр хот хөдөө ойртож, төрийн үйлчилгээ хүн бүрт хүрч, бараа таваар, үйлчилгээний үнэ өртөг хямдарч, чанар нь нэмэгдэж, Монгол хүний амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирч, баян хоосны ялгаа арилж, нийгмийн харилцаа эе эвтэй болно.

 

“Улсын чанартай найман хот”-ыг хооронд нь холбосон Мянганы төмөр зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр бүхий цахилгаан станцууд, бусад шаардлагатай дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулна. Ингэснээр экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг нь дэлхийн зах зээлд гаргах, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэн таатай нөхцлийг бүрдүүлнэ.

 

Манай улсын хоёр хөрш, ойр зэргэлдээ гуравдахь хөршүүд хүн амын хувьд олон, эдийн засгийн хөгжил нь дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь МАХН-ын Мөрийн хөтөлбөрийн зорилтууд хэрэгжихэд таатай гадаад хүчин зүйл мөн.

 

Манай улсын мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго нь химийн бордоогүй органик, хүний биед нэн тустай, зах зээлд өндөр үнэ хүрэх бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэхэд орших бөгөөд энэ зорилгод хүрэхийн тулд шинэ технологи нэвтрүүлэх хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бүрдүүлнэ.

 

Эдийн засгийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, төр засгийн байгууллага, ажилтнуудын үйлчилгээг мэдэгдэхүйц сайжруулж, хүнд суртал хээл хахуулийг арилгаж, шударга ёсыг тогтооно.

 

Эрүүл мэндийн бодлогыг шинэ шатанд гаргаж, иргэдийн эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцдаг тогтолцоо руу үе шаттайгаар шилжинэ. Ингэснээр Монгол хүний дундаж наслалтыг 10 насаар нэмэгдүүлнэ. Өндөр настан өөрөө хүсвэл дахин мэргэжил эзэмших, мэргэших сургалтанд үнэгүй хамрагдаж болно.

 

Улс орны мөнгөний бодлогыг цэгцэлж, банкны тогтолцоог орчин үеийн мөнгөний бодлогын дагуу өөрчилснөөр мөнгө хүүлэх байдлаар дээрмийн зээл олгож, иргэдийг мөлждөг өнөөгийн банк-санхүүгийн шударга бус тогтолцоог хална.  Жижиг, дунд бизнес эрхлэх, өндөр технологи нэвтрүүлэх, экспортын чиглэл бүхий аж ахуй эрхлэхэд төрөөс онцгойлон анхааран дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгох тогтолцоог бий болгоно.

 

Залуучууд, шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд гарааны хүүгүй зээл, татваргүй тогтолцоог бий болгон дэмжиж, зээлээ төлөгч иргэнээс барьцаа хөрөнгө шаардахгүй зээл олгодог зарчмыг нэвтрүүлнэ.

 

Экологийн тэнцвэртэй байдлын асуудал

 

Монгол орныхоо байгалийг хадгалан хамгаалж, түүний баялгийг хойч үедээ өвлүүлж ирсэн үндэсний уламжлалаа шинэ цагийн “Экологийн хөгжлийн үзэл баримтлал”-тай уялдуулан Монгол Улсаа эрчимтэй хөгжүүлэхэд хамгийн оновчтой аргаар ашиглаж, ард түмнийхээ амьдралыг өөд нь татаж, энэ их үйл хэргээрээ бусад улс оронд үлгэр үзүүлнэ.

 

Байгалийн тогтолцооны  нэгдмэл байдал, биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалж,  ан амьтантай онцгой хэрцгий аргаар харьцахыг хуулиар хориглоно.

 

Нэн ховор, ховордсон амьтан, ургамлын өсөлтийг хангахын тулд тэднийг зориудын аргаар үржүүлэх, генийн санг нь хамгаалахад орчин үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглана. Олон улс, бүс нутгийн хэмжээний байгаль орчныг хамгаалах бодлого, үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ Монгол Улсын газар нутгийн 30 хүртэлх хувийг Улсын тусгай хамгаалалтад авах төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.

 

Хүрээлэн буй орчинд хор хөнөөлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулахыг хязгаарлах бодлого баримтлан хэрэгжүүлнэ.

 

Байгаль орчныг “Бохирдуулагч нь нөхөн төлбөр төлөгч”, “Ашиглагч нь эргээд хамгаалагч” байх үзэл санааг төрийн бодлого болгон хэрэгжүүлнэ.

 

Говь, хээрийн бүсэд мод тариалж ногоон зурвас байгуулах “Ногоон хэрэм” хөтөлбөрийг үргэлжлүүлэн өргөжүүлж, ойн сангийн 30 хүртэлх хувийг дундын эзэмшлийн зарчмаар нутгийн иргэд, нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлэн ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоно.

 

Ойн нөөцийг тогтвортой ашиглаж, ой хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах нөхцлийг хангах “Ой” үндэсний хөтөлбөрийг дэмжинэ. Газар зүйн мэдээллийн тогтолцоонд суурилсан ойн мэдээллийн сан байгуулна.

 

Усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах “Ус” үндэсний хөтөлбөрийг дэмжинэ. Экологийн тэнцвэртэй байдлыг хангахад онцгой чухал үүрэгтэй монголчуудын байгаль орчноо сүсэглэн хамгаалах уламжлалыг хадгалан хөгжүүлэхийн тулд Монгол Улсын томоохон гол мөрөн, нуурыг төрийн тахилгатай болгох санаачилгыг гарган хэрэгжүүлнэ. Түүнчлэн байгаль орчны тэнцвэртэй байдалд хор хохиролгүйгээр гол мөрний усны нэг хэсгийг Монгол Улсын газар нутагт томоохон усан сангууд байгуулах замаар авч үлдэх төслүүдийг эрдэмтдийн тооцоо, оролцоотойгоор боловсруулан хэрэгжүүлнэ. Гол мөрний  ай савыг ойжуулах ажлыг нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлнэ.

 

Туул голын байгалийн тогтолцоог сэргээн хамгаалж, Тэрэлж голын орчим  усан цөөрөм байгуулах замаар нийслэлийн ундны усны хангамжид гадаргын усыг ашиглах боломжийг бүрдүүлнэ. Богд уулын экологийг сэргээх, хамгаалахад чиглэгдсэн тусгайлсан бодлого боловсруулан хэрэгжүүлнэ. Улмаар Улаанбаатар хотын экосистемийн хямрал буюу агаар, хөрс, усны бохирдлыг зогсоон сэргээх цогц бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

 

Эзэн Чингисийн байгуулсан Их Монгол Улсын эртний нийслэл Хархорин хотыг Монгол Улсын 2 дахь нийслэл болгон хөгжүүлэх бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлэхдээ байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах нарийвчлан боловсруулсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

 

Төрийн тогтолцоо

 

1992 онд батлагдсан Үндсэн хууль, түүний үр дүнд бий болсон боловсронгуй бус төрийн тогтолцоог улам бүр гажуудуулан хувийн эрх ашигтаа үйлчлэх бүтэц болгон ашиглаж буй улс төрийн намуудыг хандив өгөх нэрийдлээр үнэн хэрэгтээ эрхэндээ оруулан хувьчлан авсан улс төр-бизнесийн бүлэглэлүүд Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа болж, нийгэмд шударга ёс тогтооход саад учруулж байна.

 

Тийм учир төр засгийн эрх мэдлийн эх сурвалж нь гагцхүү ард түмэн мөн, төр засгийн эрх мэдлийг ард түмэн өөртөө байнга хадгална гэсэн суурь зарчимд тулгуурлан ажиллана.

 

МАХН-ын Мөрийн хөтөлбөрийн гол зорилго хэрэгжих угтвар нөхцөл нь ард түмний хараа хяналтад байнга байдаг хариуцлагатай төр засгийн тогтолцоог бий болгох явдал юм. Төр засгийн байгууллага, албан тушаалтнууд зөвхөн өөрсөддөө болон дарга нарт тал засан хууль зөрчин үйлчилдэг байдлыг бүрэн халж, харин гагцхүү ард түмэндээ үйлчилдэг болох нь оршиж байгаагийнх нь гол утга учир мөн хэмээн үзэж, төр засаг ард түмний тав тухтай амьдрах нөхцлийг хангахын тулд улс орныг урт, дунд, богино хугацаагаар тогтвортой хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд төр засаг цөөн хэдэн хүний дур зоргоор аашлах, тэднээс хэт шалтгаалах байдлаас сэрэмжлэн хамгаалах нэгэн чухал нөхцөл болно хэмээн үзэж байна.

 

Хууль тогтоох байгууллага хэдхэн хүний хуйвалдаанаар хууль батлан гаргаж, тэд ард түмний татварын орлогоор бүрдүүлсэн төсвийн хөрөнгийг хоорондоо үгсэн хуйвалдаж хуваан идэж байгаа буруу тогтолцоог засч өөрчилнө.

 

Парламент хоёр танхимтай буюу Улсын бага хуралдай хуулийн төслийг боловсруулан тогтоож, ард түмний ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах Үндэсний Их Хуралдайд өргөн мэдүүлдэг, Үндэсний их хуралдай хуулийг баталдаг тогтолцоог буй болгож, ингэснээр Парламентаас батлагдан гарч байгаа хууль болгон нийт ард түмний эрх ашигт нийцсэн байх нөхцлийг бүрдүүлнэ.

 

Хэн нэгэн эрх мэдэлтэн, түүнийг тойрсон улс төр-бизнесийн бүлэглэлийн дэмжлэгтэйгээр хууль, шүүхийн байгууллагад томилогддог, эргээд өөрсдийг нь томилсон тухайн албан тушаалтан, түүний бүлэглэлийн улс төр-бизнесийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд үйлчилдэг хараат хууль шүүхийн байгууллага, албан тушаалтан бүхий буруу тогтолцоог өөрчилнө.

 

Шударга ёс алдагдсан улс оронд ард түмэн зовно, хүн ирээдүйдээ итгэхгүй, улс орон хээл хахуулийн “харх”-нд идүүлж, улмаар улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол эрсдэлд орно. Тийм улс оронд ямар ч бүтээн байгуулалт өрнөхгүй, иргэддээ ээлтэй төрийн үйлчилгээ бий болохгүй, иргэдийн санаачилга дэмжигдэхгүй, эрүүл саруул бизнесийн орчин бий болохгүй. Иймд бүх шатны шүүгчдийг төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж болсон ард түмнээс сонгодог болох нь шүүхийн тогтолцоог шударга болгох тулгуур зарчим мөн. Ард түмнээс тодорхой хугацааны давтамжтайгаар сонгогддог шүүгчид манай улс орны шударга ёсны баталгаа болно.

 

МАХН “Шударга бол эвтэй, Эвтэй бол хүчтэй” гэсэн зарчмыг үйл ажиллагаандаа тууштай баримтална.

 

Өнөөдөр Засгийн газар нь УИХ-аас томилогдож байгаа ч үнэн хэрэгтээ шударга бус сонгуулиар суудал авсан улс төрийн намуудыг хандив өгөх нэрийдлээр “хувьчилан” авсан улс төр-бизнесийн бүлэглэлээс хэт хамааралтай байдаг учир ард түмэн Засгийн газрыг хянах, сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаардах боломжгүй байна. Засгийн газарт ард түмэн биш харин намуудын доторхи улс төр-бизнесийн бүлэглэлүүд илүү хүчтэй нөлөөлж байна. Ийм Засгийн газар тогтворгүй, томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж чадахгүй, эхлүүлсэн ч дуусгаж чадахгүй, ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах чадамжгүй байдаг. Ийм буруу тогтолцоог нэн даруй засахгүй бол улс орон хөгжихгүй. Улс орон хөгжихгүй бол ард түмэн улам ядуурна. Тийм учир Засгийн газар буюу хууль хэрэгжүүлэх эрх мэдлийн байгууллагыг ард түмнээс шууд сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх нь ард түмний хараа хяналтан доор хөгжлийн бодлого хэрэгжих зөв тогтолцоо мөн гэж үзэж байна.

 

Хууль тогтоох байгууллагыг хоёр танхимтай болгож, шүүгчдийг ард түмнээс сонгож, Ерөнхийлөгч Засгийн газрыг толгойлохоор болсон ч тэдгээрийн үйл ажиллагааг иргэдийн ашиг сонирхлын үүднээс хянах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах шаардлага байх нь зайлшгүй тул энэхүү эрх мэдлийг хүний эрхийг хамгаалах байгууллага хадгалан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хүний эрхийн байгууллагын гишүүнийг мөн адил ард түмэн сонгож байх нь зөв болно.

 

Түүнчлэн ард түмний татварын мөнгөөр бүрдэж байгаа төсвийн зарцуулалт, төрийн өмчийг захиран зарцуулах ажил шударга ёсонд нийцэж байгаа эсэхийг хянах эрх мэдэл бүхий Үндэсний аудитын хороог ард түмнээс сонгож байгуулах нь зүйтэй. Ийнхүү хянах эрх мэдлийг засаглалын нэгэн эрх мэдэл болгон хадгалан хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудыг ард түмний сонголтоор байгуулан ажиллуулах нь төр засгийн байгууллага, албан тушаалтан хариуцлагатай болох хамгийн зөв шийдэл мөн.

 

Засаглалын эрх мэдлийг ингэж Хууль тогтоох, Хууль хэрэгжүүлэх, Шүүх, Хянах гэсэн 4 үндсэн эрх мэдэлд хувиарлан хэрэгжүүлснээр засаглал хувиарлах онол Монголын ард түмний эрх ашигт нийцэн Монголын хөрсөнд буун нутагшин хэрэгжих нөхцөл бололцоог бүрдүүлнэ. Ингэснээр улс төрийн намуудад шургалсан улс төр-бизнесийн бүлэглэл бүхий л эрх мэдлийг гартаа атгах бололцоог хумин хязгаарлах учир өнөөдрийн нийгэмд ноёрхож байгаа засаглалын тогтолцооны гажуудал засагдана.

 

Түүнчлэн өнөөгийн шударга бус сонгуулийн тогтолцоо цаашид ч хадгалагдан хэвээр үлдвэл төр засгийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг давтагдан гарсаар байх нь ойлгомжтой бөгөөд энэ байдлыг нэн даруй таслан зогсоохын тулд сонгогч бүр саналаа өгдөг байх, сонгуулийн зардлыг улс төр-бизнесийн бүлэглэлийн хандивын бохир мөнгөөр биш харин төсвийн зардлын цэвэр мөнгөөр хийдэг болох, хар машиныг ашиглахыг хориглож саналын хуудсыг гараар тоолдог болох зэрэг зохицуулалтыг хийх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Мөрийн хөтөлбөр хэрэгжих баталгаа

 

Стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг ашиглахдаа зөвхөн монголын ард түмний дундын өмч болгон өнөө ба ирээдүй үеийн иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангах зорилгод нийцүүлнэ.

 

Улс орноо хөгжүүлэх хамгийн гол нөөц баялаг бол манай улсын иргэд мөн. Ард түмний дундаас улс орноо хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, өөрийн эзэмшсэн мэргэжил, боловсролоо улам чанаржуулан сайжруулах зүтгэл тэмүүлэлтэй, төрийн ажилд хувийн шуналгүй хандах ёс зүйтэй хүмүүсийг шилэн сонгож ажиллуулна.

 

Манай улсын газар нутаг өргөн дэлгэр, байгалийн баялаг арвин их бөгөөд хүн ам нь авьяас чадвартай тул дэлхий дахины хөгжилтэй улс орны нэгэн адил эрчимтэй хөгжих бүрэн бололцоотой гэдгийг ухааран ойлгож, төр засгийн бүрэн эрхийг ард түмэндээ эгүүлэн өгч, ард түмний хүсэл зоригоор улс орноо хөгжүүлэх нь хөгжлийн хамгийн том баталгаа мөн гэж үзэж байна.

 

МАХН-ын гишүүн, дэмжигч бүр энэхүү Мөрийн хөтөлбөрийг гүн гүнзгий судалж, түмэн олонд сурталчилан таниулж, улмаар ард түмэнтэйгээ хамт хэрэгжүүлэхийн төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийж, өөрийгөө дайчлан ажиллах ёс суртахууны үүрэгтэйг  гүнээ ухамсарлан хамтран ажиллахыг уриалж байна.

 

Сайн үйлс дэлгэрэн шударга ёс бат бэх тогтох болтугай.

Монголын ард түмэн мандтугай.

Монгол Улс цэцэглэн хөгжих болтугай.

2018 оны 7  дугаар сарын 7-ны өдөр.                                                             Улаанбаатар хот.