МАХН-ын ТҮҮХ

Намын түүхэн товчоо

МАХН нь Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, нийгэм төрөө шинэчлэн хөгжүүлэх их үйлсийг удирдаж, улс үндэстнээ орчин үеийн соёл иргэншилд хүргэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.Үүний хамт нийгмийг удирдан чиглүүлэгч хүчний хувьд түүхийн тодорхой үед гадаад, дотоод ээдрээтэй нөхцөл байдлын улмаас Монгол оронд гарсан сөрөг үйл явдлууд, эерэг үйл явдлуудад МАХН үүргээ гүйцэтгэсээр байсан юм.

Монгол улс түүхэн сонголтын заагт ирсэн 1980-аад оны дундаас МАХН нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг эхлүүлж, ардчилсан үйл явцыг эргэлт  буцалтгүй болгосон улс төрийн шинэ хүчнүүдийн шаардлагыг хүлээн авсан юм.1990 оны 3 дугаар сард эрх баригч МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, БНМАУ-ын Үндсэн хуулийн “Улсын ба хөдөлмөрчдийн олон түмний бүх байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч Монгол Ардын Хувьсгалт нам” гэсэн заалтаас татгалзсанаар улс төрийн шинэ тогтолцоог төлөвшүүлэх өргөн бололцоог нээж өгчээ.

Монгол орны хөгжлийн  чиг баримжаа, сонголт шинэ тутам төрийн эрх барьж эхэлсэн МАХН-д нэн төвөгтэй асуудал болж тулгарсан юм. Намын удирдах зүтгэлтнүүдийн нэг хэсэг нь улс орныхоо түүхэн тодорхой онцлог, өвөрмөц нөхцөл байдлыг нягт харгалзан, үндэсний, өөрийн гэсэн арга замыг эрэлхийлж байхад, нөгөө хэсэг нь улс орныхоо цаашдын хувь заяаг социалист хэтийн төлөвтэй холбон үзэж, үйл хэрэг явуулж байлаа.

МАХН нь түүхийн бараг нэгэн зууныг туулахдаа монголын нийгмийн бүхий л хүрээнд томоохон үүрэг гүйцэтгэхдээ алдаа оноог дэнслүүлж байсан ч алдахаасаа онох нь их байсныг түүхийн баримт материал, ахмад үеийнхний бичиж үлдээсэн, босгож байгуулсан бүхэн тодхон гэрчилнэ. МАХН монголын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, тухайн нийгмийнхээ тогтолцоо, хэр хэмжээндээ зохицсон эдийн засаг, оюуны чадамжтай, туурга тусгаар Монгол Улсыг олон улсын нарийн ээдрээтэй нөхцөлд өнөө үеийнхэнд буухиалан авч ирсэн түүхэн гавъяаг өнөө ба хожим үеийнхэн бишрэн хүндэтгэх нь монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд байх үнэт зүйл юм.

Анх энэ намын эгнээнд Монгол улсын нийгмийн бүхий л давхарга багтаж тэдний төлөөлөл орж байлаа. Тэднийг нэгтгэж байсан цорын ганц зүйл нь монгол төрийн тусгаар тогтнол байлаа. МАХН-ын анхны гишүүдийн тангарагт “шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эгүүлэн аваад, төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж, үндэс язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ард түмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухалчилна” хэмээн хожмын зорилгоо тов тодорхой зааж байсан юм.

МАХН дангаар төрийн эрх барьж ирсэн хугацаанд Монгол орны дүр төрх үндсээрээ өөрчлөгдсөн нь түүхэн үнэн билээ. Эдийн засаг нь бараг бүхэлдээ мал аж ахуйгаас  бүрдэж байсан Монгол улс хөдөө аж ахуйн болон эрдэс түүхий эдэд түшиглэсэн аж үйлдвэртэй, тээвэр холбоо, барилга, газар тариалан бүхий олон салбарт эдийн засагтай болов. Үйлдвэрийн томоохон төвүүд сүндэрлэн босч, орчин үеийн хот суурин байгуулагдав. Боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухааны түвшингээрээ дэлхийн дайтад хүрч чадсан амжилтыг үзүүлэв. Монгол хүн үндсэндээ эрүүлжиж, монголын хүн ам 3.6 дахин өсөж, хүний дундаж наслалт 2 дахин нэмэгджээ. МАХН-ын мянга, мянган гишүүд дайн тулалдааны талбарт ч, бүтээн байгуулах хөдөлмөрийн талбайд ч ямагт тэргүүн эгнээнд явж, манлайлж байсан нь хэн ч няцаашгүй түүхэн үнэн бөлгөө.

Түүхэн сургамжаас ухаарлаа хөглөж, нөхцөл байдлыг зөв эгээрсний үндсэн дээр МАХН өөрчлөлтийн салхийг хамгийн түрүүнд мэдэрч, удаа дараагийн Их, бага хурал дээр хэлэлцэж байсан төдийгүй шинэчлэлийн бодлогыг санаачлан эхлүүлж хэрэгжүүлсэн нь түүхэн баримтаар нотлогдоно.
Ардчилсан өөрчлөлт бол аль нэгэн улс төрийн хүчин, ямар нэгэн эрдэмтэн мэргэн хүний ухаарал бус монгол түмний ухаарал, хүн төрөлхтөний шинэ сэтгэлгээ, ухаарлын хаялга, түүнийг тосон авсан монголын ард түмний хичээнгүй зүтгэлийн үр хэмээн МАХН үздэг юм.

Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих явцад МАХН өөрөө улс төрийн амьд эд эсийн хувьд бүрэн шинэчлэгдэж чадсан.

МАХН өнөө ч үйл Монголын ард түмний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байна.