Хуульч Э.Эрдэнэжамъяан өнөөдөр 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Одоогоос хоёр жил гаруйн өмнө би 60 тэрбумын гэх хэргийн бичлэгийг олон нийтэд цацсан. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдгийг өнөөдөр харж байна. Эхэндээ уг хэргийг үгүйсгэж байсан ч одоо МАН бүх шатандаа хүлээн зөвшөөрөөд байгаа.

60 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор ХУД-ийн Иргэний хэргийн шүүх надад хэрэг үүсгээд намайг худлаа ярьсан, хүн гүтгэсэн гэх шийдвэр гаргаж байсан.

Би өнөөдөр 60 тэрбумын хэргийн талаар зарим нэг материалыг хүргэх гэж байна. М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хамт сууж байгаад хийсэн танилцуулга байгаа. Энд сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгох талаар excel файл байдаг. Файлд ААН-үүдээс хандив авахаас гадна 20 гаруй мянган төрийн албан хаагчийн ажлын байрыг сонгуулийн дараа арилжих төлөвлөгөө байдаг. Энэ систем бүрэн хэрэгжсэн гэдгийг сонгуулийн дараа ажилгүй болоод шүүхээр маргалдаж байгаа хэргүүдээс харж болно.

60 тэрбумыг зөвхөн нийслэлээс босгохоор төлөвлөсөн байдаг.

Төрийн албыг хэдээр үнэлж байсан бэ? Сайд нэг тэрбум, дэд сайд 500 сая, ТНБД 800 сая, дарга 300 сая, ерөнхий захирал 300 сая, дэд дарга 100 сая ингэж явсаар ахлах мэргэжилтэн 10 сая хэмээн ханш гаргаж байжээ. Энэ танилцуулгыг 2014 оны есдүгээр сард хийсэн байдаг бөгөөд энд багтсан ажлуудын дийлэнх нь хэрэгжсэн байдаг.

Энэ талаар манай нам болон Н.Энхбаяр дарга байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийсээр байсан.

60 тэрбумын схем дээр тулгуурлаж М.Энхболд гэдэг хүнийг огцруулж байна. Энэ хангалтгүй. Энэ схем хэрэгжсэн учраас УИХ, Засгийн газар, Иргэдийн хурал огцрох ёстой. Схемийн дагуу сонгуулийн үр дүнгээр ажил албан тушаалд очсон хүмүүс хариуцлага хүлээ. МАН намаараа хариуцлага хүлээх ёстой. Өнөөдөр МАН-ын төлөөлж буй хүн ард түмэн, хууль бусаар халсан төрийн албан хаагчдаас болон хуулийн дагуу санхүүжилтээ босгоод 2016 оны сонгуульд өрсөлдсөн бусад намуудаас уучлалт гуйх ёстой” хэмээн ярилаа.

Гэрэл зургийг mpa.mn

Төгсгөлд нь тэрбээр 60 тэрбумын хэрэгтэй холбоотой адио болон видео бичлэгүүдийг үзүүлж, эдгээр бичлэг болон танилцуулгыг Dorjzodov.org сайтаас харах боломжтойг хэлсэн юм.

Эх сурвалж Ikon.mn