С.УЯНГА, Б.БАЯРЖАВХЛАН

“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт  профессор Ч. Авдай, Шударга төрийн төлөө ТББ-ын тэргүүн Н.Чадраабал, УИХ-ын гишүүн Х. Болорчулуун,  МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, Төв аймгийн МАХН-ын дарга О. Буяннэмэх, Монголын хүний төлөө намын дарга Х. Бат-Ялалт нар оролцож “Үндсэн хуулийн өөрчлөлтөөс иргэд юуг хүсч байна вэ” сэдвээр  байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

“Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Чадраабал: Үндсэн хуулийг уншаад ойлгодог хүн цөөн байна

-Эхлээд Үндсэн хууль нийгмийн амьдралд ямар ач холбогдолтой, Үндсэн хууль гэж юу вэ гэдгийг хэлж ярьж ойлгуулах нь зүйтэй. Үндсэн хуулийг өөрчлөх талаар яриад байхаас биш ямар агуулгатай, юуг зохицуулдаг юм гэдгийг олон түмэнд ойлгуулж, мэдээлэл өгөх  нь их чухал.


-Тусгаар тогтносон Монгол Улсад өв уламжлал, түүхээс эхлээд бахархах зүйлс их бий. Зөвхөн газар нутгийн хэмжээг авч үзвэл дэлхийд 18-т, нэг хүнд хагас км газар нутаг, 20 гаруй толгой мал оногдож байна. Хөрсөн доор барилга, оюун ухааны чадвар, дасан зохицдогоороо монголчууд хэний ч дор орохгүй хувь заяатай улс. Ийм үндэстэн дорой, ядуу буурай байж таарахгүй.


-Үндсэн хуулиар Монгол гэдэг нэрний цаана юу байдгийг бүгдийг нь баталгаажуулж өгдөг. Гурван сая гаруй хүн уудам дэлгэр нутаг дээр яаж амьдрах, төрөө хэрхэн байгуулж, хүндээ ямар боломж олгох, тусгаар тогтнолоо баталгаажуулснаас эхлээд бүгдийг зохицуулна. Мөн Үндсэн хуулиа хэрхэн өөрчилж, хамгаалах ёстойг ч зохицуулдаг.


-Өнөөдөр зургаан бүлэгтэй 70 зүйлтэй цомхон Үндсэн хууль мөрдөгдөж байна. Энэ хууль монголчуудыг илүү сайхан амьдруулах боломжтой. Гэтэл өнөөдөр ямар байна вэ. Монголчуудын эр зориг, эрүүл саруул ухаан хаачив.Ажилгүйдэл, архидал, авлига газар авч туйлдуулж байна. Эх орондоо тайван сайхан амьдрах боломж алга.


-Үндсэн хуулийг зөв өөрчилж чадвал та бидний үр хүүхэд энэ газар шороон дээр сайхан амьдрах эрхээ хамгаалж баталгаажуулж байна гэсэн үг. Тиймээс Үндсэн хуульд хүн бүр бодол саналаа оролцуулах хэрэгтэй. Хүн бүр уншиж танилцаасай. Гэтэл одоо бол уншсан, уншаад ойлгодог хүн их цөөн байна. Үзэл санааг нь ойлгоогүй байж дэмжих, үгүй тухай асуудал ярих юм.


-Дээдсүүд нь хагаралдаж харийн эрхшээлд орсон үед Монголчууд мөхсөн. Төрд хэн ажиллаж байх үед ард түмний амьдрал сайн, хүчирхэг байсныг бодох хэрэгтэй.

Профессор Ч.Авдай:  Энэ өөрчлөлтөөр эв нэгдлийг баталгаажуулах хэрэгтэй

-1992 оны үндсэн хуулийг батлахад олон хүмүүс олон хоног хэлэлцэж баталсан. Ерөнхийдөө гайгүй хууль болсон.


-Хүмүүс хоорондоо эвтэй, хариуцлагатай байх ёстой. Гэхдээ дур дураараа Үндсэн хуулиа өөрчлөөд байвал ямар сайхан хууль батлаад хэрэгжихгүй.


-Үндсэн хуулийг хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хууль болоод заалтын хэм хэмжээндээ  өөрийнхөө үүргийг биелүүлээд ажиллах хэрэгтэй. Дор дороо хэрэгжүүлээд явбал Үндсэн хууль буруу тал руугаа орчихоогүй байгаа.


-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг МАН-аас сонгогдсон 62 гишүүн эхлээд өргөн барьж дараа нь Ерөнхийлөгч хоёр дахь хуулийг өргөн барилаа. Энэ бүгд анхнаасаа эвтэй, нэг санаатай байгаагүйн жишээ юм. Мөн эвтэй байгаагүйн нэг бас нэгэн жишээ бол Монгол Улсад 33 нам байгаа юм.


-Гишүүд намаасаа нэр дэвшиж гарвал  боллоо гэсэн хандлагаар ханддаг. Хээл хахуульд өртдөг зэрэг асуудлыг Үндсэн хуулиар засварлах хэрэгтэй. Эв нэгдлийг хангах хэрэгтэй. Төлөвлөгөөтэй хугацаатай хэрэгжүүлэх хугацаандаа нэр төртэй хий хэрэгтэй.


-Шинэ Үндсэн хуулиар Монголчуудын эв нэгдэлийг баталгаажуулж, хээл хахууль авдаг байдлыг зогсоох хэрэгтэй.


-Зөвшилцөл буюу 62 гишүүний оруулсан санал болон АН, Ерөнхийлөгчийн санал энэ байна гэсэн ам тагласан юм ярьж болохгүй.


-Өмнөх Үндсэн хууль ямар байсан юуг засах шаардлагатай юм гэдгийг хөдөө орон нутаг руу явуулж тэднээс санал авах ёстой. Ард түмнээ оролцуулж үндсэн хуулийг шинэчлэх шаардлагатай.


-Эрх мэдэлтэй хүмүүс ард түмний төлөө биш байдлыг болиулах хэрэгтэй. УИХ-д гарсан хугацаандаа ард иргэдийн төлөөлөл гэдгээ марталгүй ажиллах ёстой.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭР ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ НЬ ЗҮЙТЭЙ

-1992 оны Үндсэн хууль муу байгаагүй. Эрх ашгийн зөрчилгүй 400 гаруй депутат шинэ Үндсэн хуулийг баталж байсан. Харамсалтай нь 2000 онд дордохын долоон өөрчлөлт хийж эрх мэдэлд хэтэрхий шунаснаас дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүйн тод жишээг бий болгосон. Эрх мэдлийн хуваарилалт, хяналт хариуцлагыг орвонгоор нь үгүй хийсэн.


-Үндсэн хуульд оруулсан дордохын долоон өөрчлөлтөөс болж хуулийг дэндүү олноор нь үйлдвэрлэсэн. Социализмын үед 60 гаруй хуультай амьдрал болоод л байсан. Гэтэл өнөөдөр 700 гаруй хуультай болчихлоо. Тэр үед 76 гишүүн 51 нь байж хуралдаж санал хураадаг байсныг 39 гишүүн оролцож 21 гишүүнээр батлахаар болгож өөрчилсөн.


-Гадаадад хууль бол хамгийн хүнд сурталтай гарах ёстой. Сайн шүүлтүүрээр гарсан хууль урт насалдаг. Гэтэл манайд 20 гишүүн хууль үйлдвэрлэж, гаднынхан Монголын хуулийг лоббидож байна. Үүний нэг жишээ нь Үндсэн хуулийн эсрэг Ашигт малтмалын хуулийг 20 гаруй жил өөрчилсөн.


-Ашигт малтмалын хууль Үндсэн хуулийн эсрэг байна гэдэг талаар нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан ч авч хэлэлцээгүй.


-Шүүх засаглалаас эхлээд Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой. Ингэхдээ ард түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Ийм чиглэл ч бий. Үндсэн хуулийг 57 гишүүний саналаар шийднэ.


-Үндсэн хуулийг дордохын долоон өөрчлөлтөөс эхлээд засч сайжруулах хэрэгтэй. Цаг алдаж болохгүй. Ингэхдээ Ард түмний саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд шигтгэж өгөх хэрэгтэй.


-Хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгчийн зүгээс 108 гэсэн тоо орж ирсэн ч бүлэг унагаасан. Харин 99 болгох уу гэсэн хувилбар ярьж байгаа. Олон улсын жишгээр гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй.

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Төв аймгийн МАХН-ын дарга О.Буяннэмэх:  ҮНДСЭН ХУУЛИЙГ БҮР МӨСӨН ӨӨРЧЛӨХ ТҮҮХЭН ЦАГ ҮЕ ИРСЭН

-МАХН-аас Шинэ Дээд Үндсэн хуулийг эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулсан. Сонгуулийн насны хоёр сая хүний нэг саяд нь төслөө танилцуулж, хүрч ажилласан.


-1992 оны Үндсэн хууль нэг намын засаглалыг халж, олон намын сонголтыг бий болгож тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн ч цаг үеийн шаардлагад нийцэхгүй болсон учраас Үндсэн хуулийг бүр мөсөн өөрчлөх түүхэн цаг үе ирсэн.


-Ардчилсан зарчим хүнд сайхан амьдрах бололцоог Үндсэн хуулиар олгох ёстой. Гэтэл энэ бололцоог Үндсэн хуулиар хаана гэдэг бол харамсалтай.


-МАН-ын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл энэ боломжийг олгож чадахгүй. Тиймээс одоогийн энэ эрх баригчдаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэж болохгүй.


-МАН-ынхан ЖДҮ, хүн амины хэрэг гээд улс оронд болохгүй бүтэхгүй болгонд холбогдсон гэдгийг намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Ийм хүмүүсээр Үндсэн хуулийг өөрчлүүлнэ гэдэг байж боломгүй асуудал.


-МАХН Шинэ дээд Үндсэн хуулийн төслөө улс орон даяар танилцуулж явахад гэмт хэрэгт холбогдсон МАН-ынхнаар Үндсэн хууль өөрчлүүлж болохгүй, тийм эрхийг олгохгүй гэдгийг ард түмэн хэлж байна лээ. Харин монголчуудыг өргүй болгох Дээд үндсэн хуулийн төслийг дэмжээд өгөөч гэсэн.


-Одоогийн хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн төсөлд Монгол хүний амьдралд нийцэх, амьдралыг сайжруулах нэг ч заалт байхгүй. Ерөнхийлөгч ёсзүйгүй УИХ тар гэж удаа дараа шаардсан мөртлөө яагаад энэ хүмүүсээр Үндсэн хуулийг өөрчлүүлэх гээд байгаа юм бэ.


-Үндсэн хуулийн өөрчлөлтөд ард түмэнд юу хэрэгтэй вэ гэдгийг оруулахгүй байна вэ. Шүүх эрх мэдлийг ард түмэн биш эрх баригчид сонгоод сайжрахгүй.

Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: 10 хүний ес нь Үндсэн хуулиа уншаагүй, хэрэглэж үзээгүй

-Монголчуудад эрхзүйт нийгэмд амьдрах соёл төлөвшөөгүй байна. Боловсролын тогтолцооноосоо эхлээд алдаатай. 10 хүний ес нь Үндсэн хуулиа уншаагүй, хэрэглэж үзээгүй байна.


– 1992 оны өмнөх болон өнөөгийн нөхцөл байдал хоёрын ялгаа нь гурван төгрөг хулгайлчихаад эрүүгийн хариуцлага хүлээдэг байсан бол одоо гурван тэрбумыг идээд яадаг ч үгүй нийгмийг байгуулсан. Хэт хяналттай нийгмээс хэт хяналтгүй нийгэм рүү туйлширсан.


-1992 оны Үндсэн хуулинд иргэдийн төлөөлөгчийг оролцуулж болно гэснээс болж Ерөнхийлөгчийн томилсон шүүгч хэрэг маргааныг шийдэж эхэлсэн. Үүнээс эхэлж шүүх засаглал буруу явж эхэлсэн.


-Сүүлийн долоон сонгуульд долоон том гэмт хэрэг үйлдсэн. Өмч хувьчлал, бонд, концесс гээд олон байна.


-Одоогийн УИХ ёс зүйгүй. Хууль бусаар байгуулагдсан байх өндөр магадлалтай. Яагаад гэвэл 60 тэрбумын схем гэдэг зүйлийг намынх нь дарга, Хууль зүйн сайд нь үнэн гэж ярьж байна.


-62 гишүүн амь нэгтэйгээр Үндсэн хуулийг өөрчилнө гэж байгаа мөртлөө  эв нэгдэлгүй. Хоёр ч Засгийн газраа унагасан.


-МАН-АН аль нь ч тэр гэмт бүлэглэл мэт ажилладаг. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль бол гэмт хэргийг хамгаалж Үндсэн хуулиа зөрчсөн. Татвараа нууж байсан хүмүүсийг өршөөсөн.


-МАН олонх байгаа дээрээ Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж байсан. Гэтэл шунахайн сэдэлтэй хүмүүсээр өөрчлүүлэх нь зөв үү гэдэг эргэлзээтэй.


-Гишүүдийн тоог бэлгэдлийн шинж чанартай болгож 108, 99 гэдэг мухар сүсгээ болих хэрэгтэй. Оюуны хувьсгал хийж, ажилтай орлоготой, шударга нийгэмд амьдармаар байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.23  БААСАН  №168  (6135)