МОНГОЛЫН НИЙТ АХМАДУУДАД

МЭНДЧИЛГЭЭ

 

Монгол сайхан эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө, хөдөлмөрийн талбарт ч, дайны фронтод ч  амь биеэ үл хайрлан хөдөлмөрлөж, тэмцэж, явсан азай  буурал  ахмадууддаа баярын мэнд хүргэж, эрүүл  энх байж, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МАХН 1921 оноос өнөөг хүртэл 100 шахам жилийн түүхийн хугацаандаа хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаандаа алдаа оноо гаргаж байсан ч Монгол эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө тууштай зогсож, Монгол хүн бүр үнэ төлбөргүй суран боловсорч, эрдэм мэдлэг эзэмших, төрөөс санхүүжүүлж хүн амаа эрүүлжүүлэх, эмчлэх, хүн амаа өсгөх, үйлдвэр, хот суурин газрыг олноор барьж байгуулах, төмөр зам, авто зам, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн нь юуны түрүүн Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн мөн гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй.

МАХН эх орныхоо тусгаар тогтнол, өнөө үеийн сайн сайхан амьдралын төлөө хийж бүтээсэн гавьяаныхаа  амралтанд байгаа ахмад үе Та бүхний  эх оронч, хөдөлмөрч уламжлалыг  хадгалан авч үлдэх нь бидний ариун үүрэг мөн гэж үздэг юм. Бид ахмад, дунд, залуу 3 үеийн бат холбоог улам бэхжүүлж, ахмадууд Та бүхнийгээ  жаргалтай, элбэг хангалуун амьдрах, ард түмний дундын баялаг болох Оюутолгой, Таван толгойгоос Монгол хүний хувьд хувьцаа, ногдол ашиг авах,  амьдралд хангалттай хүрэлцэхүйц, тэтгэвэртэй болохулс төр, хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн нөхцлийг бий болгохын төлөө зорин тэмцэж байна.

Та бүхний хийж бүтээсэн бүтээн байгуулалт, байгуулсан гавъяаг МАХН буухиалан үргэлжлүүлж улс, эх орноо өндөр хөгжил рүү хөтлөх Манлайлагч нь байх болно.

Ахмадууд Та бүхэн урт удаан насалж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байх болтугай.

2018 оны 10 сарын 02

Монгол Ардын Хувьсгалт Нам