УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр Хэнтийд нөхөн сонгууль болох нь тодорхой боллоо. Олон нийтийн дунд танай намын дарга Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа бий?

-УИХ-д болж буй үйл явцыг мэдээж анхааралтай ажиглаж байгаа. МАХН нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг шийдэхийн тулд тодорхой бодлого боловсруулж, өөрсдийн үзэл баримтлалаа олон нийтэд танилцуулаад явж байгаа улс төрийн хүчний хувьд нөхөн сонгуульд оролцоно. Гэхдээ хэнийг нэр дэвшүүлэх үү гэдгээ олонхын зарчмаар буюу Бага хурал, Гүйцэтгэх товчоогоороо хуралдаж шийдвэрлэнэ. Ирэх аравдугаар сард нөхөн сонгууль болох нь тодорхой юм билээ. Бид энэхүү  сонгуульд бэлдэж байгаа. Нэр дэвшигчээ ч удахгүй тодруулна. Бидний хувьд зөвхөн Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлнэ гэсэн явцуу ойлголт байхгүй. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар манай намын нэр дэвшигч С.Ганбаатар Хэнтий аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан. Магадгүй С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх үү эсвэл Н.Энхбаяр дарга өөрөө нэр дэвших үү бүр  залуучуудын төлөөлөл  болох Хэнтий аймгийн Түмтийн даргыг нэр дэвшүүлж болно. Гэхдээ хэн бэ гэдгийг нь бид олонхоороо хуралдаж шийднэ. Н.Энхбаяр даргыг сүүлийн 7-8 жил сонгуульд оруулаагүй. Харин одоо эрх нь нээгдсэн учир нэр дэвшинэ байх гэсэн таамаг олон нийтийн дунд байх шиг байна. Үүнийг бид зүй ёсны үзэгдэл гэж харж байгаа. Гэхдээ улс төрийн намын хувьд намынхаа бодлого, чиглэл болоод өнгөрсөн хугацаанд ярьж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлт болох Шинэ дээд Үндсэн хуулийн төслийн талаар УИХ-ын индэр дээрээс  олон нийтэд хүргэх тэр хүнээ л нөхөн сонгуульд нэр дэвшүүлнэ.

-Танай намын дарга Н.Энхбаяр өөрөө ямар бодолтой байгаа вэ. Энэ талаар санал солилцсон болов уу?

Манай намд бусад улс төрийн намууд шиг бүлэг, фракц гэж байхгүй. Аливаа асуудлыг шийдэхдээ олонхоороо шийддэг ийм л нам. Нөхөн сонгуульд манай намыг оролцохыг хүссэн санал сонгогчдын зүгээс ирж байгаа. Манай намын даргыг өнгөрсөн сонгуулиудад олон янзын шалтаг шалтгаанаар гацааж ирсэн. Гэвч цаг хугацааны шалгуураар орж, нэр дэвших эрх нь одоо  нээгдсэн. Н.Энхбаяр дарга одоогоор хөдөө орон нутагт ажиллаж байгаа учраас нөхөн сонгуулийн талаар өөртэй нь зөвлөж яриагүй.

-МАХН-аар сонин сайхан юу байна вэ. Намын даргын хувьд орон нутагт ажиллаж байгаа гэж ойлголоо.

-Өнгөрсөн хугацаанд манай нам Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг  боловсруулж бүх аймаг, орон нутагт очиж ард  иргэдийн саналыг  сонслоо. Улсын дээд шүүх улс төрийн намын дотоод үйл хэрэгт оролцож, манай намын шинээр баталсан мөрийн хөтөлбөр, намын дүрмийг батлахгүй буцаах үйлдлийг удаа дараа гаргаж байгаа. Тиймээс дахин ээлжит бус Их чуулганаа хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

-Ээлжит бус Их чуулганы тов нь гарсан уу?

-Ирэх долдугаар сарын 7-9-ны хооронд зохион байгуулна.

-Өмнөх Их чуулганаар гарсан мөрийн хөтөлбөр, дүрэм нь хүчингүй болно гэсэн үг үү?

-Өнгөрсөн хоёрдугаар сард Их чуулганаар намын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталснаас гадна Шинэ дээд Үндсэн хуулийнхаа санааг тусгаж өгсөн. Мөн улс төрийн намын хариуцлагын асуудлыг дүрэмдээ тусгасан. Гэвч бүлэглэлийн талд ажиллаж байгаа шүүхийн байгууллагын увайгүй үйлдлээс болж, намын мөрийн хөтөлбөр, дүрмийг бүртгэх ажлыг гацааж байна. Өөрөөр хэлбэл, манай нам одоогоор 2011 оны мөрийн хөтөлбөрөөрөө явж байгаа гэсэн үг. Цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр аливаа зүйл шинэчлэгдэж сайжирч байх ёстой. Тэр ч үүднээс бид намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилсэн ч Дээд шүүх  намын дүрмийг бүртгээгүй учир дахин ээлжит бус Их чуулган хийхээр болсон гэж ойлгож болно. Дээд шүүх манай намын дүрмийг бүртгэтэл нь Их чуулганаа хийнэ.

-Дээд шүүхийн зүгээс  “Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэж, бүртгэхээс татгалзсан  нь ямар учиртай юм бэ?

-2011 онд баталсан намын дүрэмдээ аливаа гишүүнийг намаас чөлөөлөх хариуцлагын заалтыг тусгаагүй. Гэтэл үүнийг  ашиглаж бусад бүлэглэлийн гар хөл болж тэдэнд худалдагдсан нөхдүүд намын нэрийг барьж ямар нэгэн байдлаар бидний үнэт зүйл, зорилгын эсрэг үйл ажиллагаа явуулах байдал гарсан. Гэтэл энэ төрлийн хүмүүсийг намаасаа хөөх гэхээр намын дүрэмд хөөх заалт байхгүйгээс тус хариуцлагын заалтыг намын шинэ дүрэмдээ оруулж өгөөд бүртгүүлэх гэтэл бүлэглэлийн гар хөл болсон хууль шүүхийн байгууллагын нөхдүүд намын дотоод үйл ажиллагааг сарниулахыг санаархаж байгаа. Маш тодорхой хэлбэл, МАХН Эрдэнэтийн 49 хувийн асуудалд Монгол Улсын хууль дүрмийг зөрчиж тодорхой нэг хувийн хэвшил, бүлэглэл ард түмний дундын баялаг болох 49 хувийг авах ёсгүй гэдэг байр суурийг хатуу баримталдаг.  Тиймээс үүний эсрэг дуу хоолой, байр сууриа илэрхийлж байгаа нөхдүүдтэй манай намын үзэл баримтлал нийлэхгүй байх нь тодорхой. Тэр хүмүүсийг намаасаа гаргах үйлдлийг хийж байгаа гэж ойлгож болно.

-О.Баасанхүү гишүүнийг хэлж байна уу?

О.Баасанхүү бол үүний тод жишээ нь. Эрдэнэтийн 49 хувийг ярьж Эрдэнэтчүүдийн саналыг авч УИХ-д гарч ирсэн хүн. Харамсалтай нь гарч ирснийхээ дараа хувийн хэвшлийн байр суурийг хамгаалсан байдаг. Ийм увайгүй үйлдлийг манай намын хэн бэ гуай нь ч тэвчихгүй.