Хувьсгалт нам шинэ дээд үндсэн хуулийн үзэл санааг шинэчлэн батлуулахын төлөө эрчимтэй ажиллаж эхэлжээ.

Зураг: Үндэсний мэдээллийн төв

Шинэ дээд үндсэн хуулийг батлуулахын тулд Монгол үндэсний ардчилсан нам, Ногоон нам, ИЗНН болон МАХН хамтран маргааш тунхаг бичигт гарын үсэг зурахаар болжээ. Шинэ дээд үндсэн хууль батлуулах нь өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа нөхцөл байдлыг өөрчилж ажилгүйдэл, ядуурал гэсэн асуудлыг нэн тэргүүнд шийдэх зорилготой гэнэ.

Гэтэл улсын дээд шүүхээс тэдний хоёрдугаар их хурлаар баталсан дүрэм болон мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Харин тэд төсөл, мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх хүсэлтээ дахин Улсын дээд шүүхэд өгнө гэдгээ өнөөдөр мэдэгдсэн.

“Бид хөрш хоёр орноосоо хол хоцорч, эдийн засгийн хямрал ядуурлаас гарч чадахгүйд хүрч болзошгүй тул Монголчууд нэгэн зүгт харж, эвтэй найртай байх нь чухал. Тиймээс Дөрвөн намын гишүүд нэгдэж шинэ дээд үндсэн хуулийг дэмжиж байна” гэж МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар хэллээ.

Шинэ дээд үндсэн хуулийн төсөл нь одоогийн үндсэн хуулийг гажуудлыг арилгах, иргэдийн амьжиргааны төвшинг чинээлэг болгох зорилготой гэнэ. Тэд өнгөрсөн сард МАН-ыг ажлаа хийхгүй байна гэж шүүмжилж энэ төслөө олон нийтэд танилцуулж байсан.

Нэг саяас доошгүй иргэдийн гарын үсгийг цуглуулж чадвал шинэ дээд үндсэн хуулийг батлах боломжтой гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн. Гэхдээ одоогийн Үндсэн хуульд зааснаариргэдийн саналаар өөрчлөлт оруулах боломжгүй зөвхөн УИХ-ын гишүүдийн саналаар өөрчлөлт оруулна гэж заасан байна.

Энэ төслийн талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Бид ард иргэдээрээ дэмжүүлэхийн төлөө бусад намуудтай хамтран ажиллах болно. Монгол оронд тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлуудыг шийдэж, уул уурхайн баялгаас ашиг шим хүртэж чадахгүй байгаа хүнд нөхцөлийг өөрчлөхийн төлөө ажиллах болно” гэв.

Тэдний хэлж байгаагаар шинэ дээд үндсэн хууль батлагдвал ард иргэдийн амьдрал, амьжиргааны төвшин хоромхон хугацаанд дээшлэх юм байна. Юу болохыг харж л байя.